ХҮН-ЫН СОНГУУЛЬД ОРОХ ОРОХГҮЙГ АН ШИЙДДЭГ ГЭХЭЭР ХЭР ҮНЭМШИЛТЭЙ БЭ

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар өчигдөр эхлэв. Сурталчилгыын хугацаа 14 хоног. Энэ сарын 14-д сонгуулийн санал хураалт болно.

Гэвч сурталчилгааны эхний өдрөөс улс төрийн намууд уламжлалын дагуу талцан хуваагдаж, голын хоёр талд гарчихав. ХҮН-ын нөхөд сонгуулийн сурталчилгааны нээлттэй давхцуулан талбай дээр жагсаал зохион байгуулав. ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс зогсоосон нь АН, болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гэв. ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Энэ удаагийн сонгуульд АН МАХН, ШИНЭН-тай хамтарч оролцож байгаа. Манайд ч гэсэн ийм санал тавьсан. Бид саналыг нь хүлээж аваагүйн улмаас ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд ийм арга хэмжээ авлаа” хэмээн ярив.

Сануулахад, ердөө сарын өмнө орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намуудыг Сонгуулийн хороо зарласны дараа ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Нийслэлийн намын даргаа шинээр сонгосон тухай мэдээлсэн байдаг. Ингэхдээ намын дарга Б.Найдалаа, удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нарыг ХҮН-ыг албан тушаал ахих гишгүүр болгон ашигласан, намаа худалдсан, гишүүдээсээ тасарсан хэмээн шүүмжилж, намын шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарласан билээ.

Гэтэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам нь өөр даргатай. Энэ тухай ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр өчигдөр “Өмнө нь ХҮН-д байсан хэдэн бүтэхгүй нөхөд асуудлыг дэвэргэж ийм байдалд хүргэлээ. Энэ бол Монголын ардчилалд нүүрлэж буй аюул. Би бол хуулийн дагуу Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон хүн” хэмээн ярьжээ.

Өөрөөр хэлбэл, намын дотоод дахь ужиг асуудал, сандал суудлын хэрүүл нь явсаар өнөөдөр Захиргааны шүүхэд очсон юм байна. Тиймээс шүүх маргаантай асуудлаар нь Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг зогсоосон юм байна. Хачирхалтай нь, энэ бүхний эцэст ХҮН-ын удирдлагууд АН болон Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгаж байгаа юм байна. Ийм л юм болов.

Онолын хувьд бол шүүх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орсон нь үнэн. Гэхдээ Аюулгүйн зөвлөл гурван гишүүнтэй, хоёр нь МАН-ынх. Хоёрдугаарт, төрийн бүх шатанд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нам нь МАН. Тэгээд ч орон нутагт гурав дахь хүчний төлөөлөл орж ирэх нь АН-д гэхээсээ эрх барьж байгаа намд л хохиролтой тусна.

Ийм тохиолдолд ХҮН-ын удирдлагууд “АН-ын эвсэлд ороогүй учраас биднийг сонгуульд оролцуулахгүй байна” гэх нь хэр үнэмшилтэй вэ? Яагаад гэтэл “МАН” гэх бодол толгойд нь орсонгүй вэ? Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ эсрэг жагсдаг дүрэм байна уу?

Яагаад гэдэг асуултын хариултыг зураг дээрээс харж болно. УИХ дахь МАН-ын гишүүд ХҮН-ын цуглааныг дэмжихээр талбайн цуглаан дээр очсон байдаг. Хэрэвзээ ХҮНам МАН-тай өрсөлдөж байсан нь үнэн бол энэ тохиолдолд МАН-ын гишүүд алга ташаад сууж байдаг цаг биз дээ. Хэрвээ АН, эсвэл МАХН ийм цуглаан зохион байгуулсан бол МАН шууд халз цуглаан хийх байсан нь тодорхой.

Гэвч үүнээс өмнө, орон нутгийн сонгуульд оролцох намуудыг Сонгуулийн хороо зарласны дараачаас эхлээд “ХҮН-ын удирдлагууд МАН-тай тохироо хийж, сонгуульд дангаараа оролцохоор болжээ. Ардчилсан хүчний саналыг хуваах зорилготой” гэсэн мэдэгдлүүд явж л байсан. Өчигдөр талбай дээр зохион байгуулсан акциас харвал энэ таамаглал ХҮН-ын дарга нарын хийж буй мэдэгдлээс илүү бодитой харагдаж байна. ХҮН ба МАН…

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap