Хүүхдүүдээ хамгаалахгүй атлаа 3 тэрбумаар усан оргилуур барьж байна

Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг нийгмийг цочирдуулаад байна. Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн ээж аав, төрийн бус байгууллагууд төрийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр /2020.09.24/ Сүхбаатарын талбайд жагслаа.  Тэд  “Хүүхдүүдээ аваръя” уриан дор нэгдэж иргэд хороо, дүүргийн нийгмийн ажилтны тоог нэмж, хүүхэд хамгааллын төсвийг хангалттай батлахыг шаардсан юм. Уг шаардлагын хариуд Ардчилсан намаас  хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв. Энэ хүрээнд  хүүхдийн эрхийг хамгаалах байцаагч нарын  ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн онцлов.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД АНХААРНА

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Хүүхэд хамгааллын хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд өндөр төсөв батлах ёстой. Төсөвлөсөн мөнгө эзэндээ хүрэх учиртай. Өнөөдөр хууль нь батлагдсан ч төсөв хөрөнгө хангалтгүй байна. НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ-ын  2016 оны судалгаагаар  хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэхэд 22 тэрбум байх ёстой. Хамгийн багадаа 11 тэрбум байх шаардлагатай гэж үзсэн байдаг. Үүнээс үзэхэд бид хамгийн багадаа 11 тэрбумыг төсөвлөж байж хүүхэд хамгааллын хуулийг анхан шатны нэгжүүдэд хэрэгжүүлнэ.

Энэ онд улсын  төсөвт 6.4 тэрбум батлагдсан. Үүний 60 хувь нь аймаг, дүүрэг, нийслэлд зарцуулагдаж байна. Энэ мөнгө эзэндээ хүрч чадаж байна уу гэдэгт сөрөг хүчний зүгээс болон иргэд хяналт тавих ёстой. Нөгөө талаас Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-д яаралтай өргөн барих хэрэгтэй.

Уг хуулийн заалтад Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхэд хамгааллын заалтууд нэмэлтээр оруулах ёстой. Хүүхдийг хамгаалахад хүүхдийн эрхийн байцаагч нар яагаад дуугардаггүй вэ гэж эцэг эхчүүд шүүмжилдэг. Гэтэл хуулийн гажуудал гарч хүүхдийн эрхийн байцаагч нарыг төрийн албан хаагч болгочихсон учраас хүүхдэд анхаарч ажиллаж чадахгүй байна. Албан конторын өрөөнд байрлачихаар  хавсарсан ажил хийж хүүхэдтэйгээ ажиллаж чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагч учраас  төрийн байгууллагынхаа эсрэг дуугарч чадахгүй байна. Хүүхдийн эрхийн байцаагчийг хувь хүн ч хийж болно.Иймд хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудалд би хариуцлагатайгаар ажиллана.  Мөн зөвхөн төр биш  төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд, иргэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуугарах ёстой.

ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА ГЭЭД ҮР АШИГГҮЙ ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗАРЦУУЛДАГ

НИТХ-ын төлөөлөгч Ё.ЦАЦРАЛТУЯА: 

-Ардчилсан намын эмэгтэйчүүд төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдүүдээ хамгаалахад нийгэм анхаарлаа хандуулах зорилгоор “Хүүхдүүдээ аваръя” уриан дор Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулж байна. Бид бүхэн төрөөс авч буй арга хэмжээ иргэдэд хүрдэг, төр нь ажлаа хийсэн шиг хийдэг байхыг зорьж бас  шаардаж байгаа юм. Өнөөдөр төр, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сул, төрийн албан хаагчид солигддог олон шалтгаанаас үүдэн хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, ажлын холбоо хамаарал алдагдаж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэхээр л бичиг цаас, төсвийн мөнгөө зарцуулдаг учраас эрсдэлт бүлэг рүү анхаарал хандуулах асуудал сул орхигдсон. Хэдийгээр нийслэлийн  дүүрэг, хороодод хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтууд зохион байгуулсан ч бодит байдал дээр төсөв мөнгө нь хүрэлцдэггүй, хэрэгжүүлж буй ажил нь хүрэх ёстой бүлэгтээ хүрэхгүй байна. Тухайлбал, хороодод хамтарсан баг ажиллаж байгаа ч хүүхдүүдтэй ажиллах орчин нөхцөл байдаггүй. Эрсдэлт бүлгийн хүүхэд, ээжүүдтэй уулзах тусгай өрөө хороодод алга. Гэтэл хороо бүрт эрхзүйч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан байж  гэмт хэрэг гарах нөхцлөөс урьдчилан сэргийлэх ёстой. Ийм ажил дутагдаж байгаа учраас л хүүхэд хохирсны дараа нь дуугарч байгаа мэт ойлгогдож байгаа юм.  Үүнд төрийн хяналт үгүйлэгдэж байгаа нь үнэн. Хүүхдийг хамгаалахад зарцуулах ётой мөнгийг зарцуулмаар байна.

ХУУЛЬ БАТЛАГДСАН Ч АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

“Хүний эрхийн индэр” ТББ-ын тэргүүн Ц.БАТТУЯА:

-Монголд хүүхдийн амьд явах эрх алдагдаж, хамгаалалтгүй байгаад төр засгийг буруутгаж байна. Хүчирхийлэлтэй холбоотой хангалттай хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн ч журмын хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвлөж буй хөрөнгө хангалтгүй байгаа. Гэтэл хотын удирдлагуд гурван тэрбум төгрөгөөр усан оргилуурж барьж, 200 сая төгрөгөөр гадаадад аялах төсөв баталсан байна. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах төсвийг нэмэгдүүлэхгүй атлаа өөрсдийн тансаглалд зориулж байгаад төр буруутай. Та бүхний тансаглалын золиос хүүхдүүд байх ёстой. Иймд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах төсвийг баталж, нийгмийн ажилтныхаа тоог хангалттай болгох хэрэгтэй.

Засгийн газрын 2010 онд баталсан тогтоолын дагуу 5000 хүн ам тутамд нэг нийгмийн ажилтан ажиллах ёстой. Гэвч өнөөдөр 20 мянга гаруй хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллаж байгаа юм. Жагсаалд оролцож буй иргэд “Хотын удирдлагууд хүүхдүүдээ хамгаалж, хариуцлага хүлээх ёстой, хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олго” хэмээж байна. Ээжүүдийн төлөөллүүд хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад төсвийн мөнгийг хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үр ашигтай зарцуулахыг шаардаж, хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардаж буй. Харин аавуудын төлөөллөөс хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа нь ажилгүйдэлтэй холбон тайлбарлав. Одоогоос 30 жилийн өмнө эрчүүдийг тоолгүй орхисны нөлөөгөөр нийгэмд хаягдсан эрчүүд өнөөдөр хүчирхийлэл үйлдэж буй шалтгаан болж байна гэдгийг онцлов. Иймд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой хэмээлээ.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap