“Допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ уух юманд эм хольж өгсөн байх гэдэг хардлага төрж байгаа”

Н.Батсуурь “Би өнөөдөр өөрийн биеэр допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна. Би энэ оны долоодугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, Тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хойш хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. 

Шинжилгээний хариуд “Таны биеэс предизин гэдэг эмийн бодис илэрсэн гэсэн байна” гэсэн байсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Допинг илэрсэн учраас эмнийхээ талаар ойлголт өгье. 

Есдүгээр сарын 10-нд шинжилгээний хариу аваад гурав хоногийн хугацаанд судаллаа. Энэ предизин гэдэг эм нь зүрхний эм юм байна. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр жоргүй худалдаалагддаг. Энэ эм миний биед гаднаас орсон учраас шинжилгээгээр илэрсэн байж таарна. Шинжилгээний хариу аваад яагаад энэ эмийг хэрэглэчихэв гэж гайхсан. 

Допингийн хариу дээр S4 ангилалд багтдаг эмийнх нь нэр байна. Энэ эм нь надаас маш бага хэмжээгээр илэрсэн гэж байгаа юм. Энэ эм нь допингийн төрөлд багтдаг. 

Лабораторийн шинжилгээтэй маргах зүйлгүй. Үнэн бодит зүйл гэж үзэж байна. 

Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ их харамсаж байна. Өнөөдрийг хүртлэх олон наадамж үнэн шударгаар өдий зэрэгт хүрсэн. Энэ эмийг хэрэглэх шалтгаан надад байхгүй. Энэ эмийг уугаагүй гэж бодож байна. 

Би монголын ард түмэн, бөх сонирхогч, үзэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна.

Нэгэнт ам нээвэл уушиг нээ гэдэг үг бий. Предизин гэдэг эмийн бодис нь зүрхний бах болон шигдээс өвчний үед уудаг бөгөөд допингийн хориото эмийн жагсаалтад багтсан эм юм байна. 
Эмийг өдөрт 30 мг-аар гурван удаа уух заавартай. Насанд хүрсэн хүн 60 мг-ийг уухад цусан дахь хэмжээ агууламж 11.5 цагийн дотор шээсэнд, 48 цагийн дараа 60 хувь болдог. 

Энэ эмийг надад ууж идэх юманд хольж өгсөн байх гэдэг хар төрж байгаа. Энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Миний зүрх цоо эрүүл, надад өвчин байхгүй.  

Найз нөхөр, дүү нартаа хандаж хэлэхэд хоол хүнсэндээ хянамгай хандаж байхгүй бол цөвүүн цаг ирсэн байна. Би барилдах эрхээ хасуулаад, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэдгээ албан ёсоор хэлье” гэв. 

Мөн тэрбээр “Би B сорьцын шинжилгээ өгөхгүй. А, B хоёр зөрсөн түүх бараг байхгүй” гэсэн юм. 

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap