Г.Дэнзэн: Би цагаадна

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, шүүхээс 3 жил 6 сарын хорих ял сонссон Г.Дэнзэнтэй ярилцлаа. Тэрээр хэрэгт холбогдсоноос хойшхи долоон жилийн хугацаанд анх удаа ийнхүү хэвлэлд ярилцлага өгч байгаа юм.

-Одоогоос яг долоон жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдээгүй. МАН-ын бүлгээс нэмж гурван зүйл оруулж ирсний нэг нь Ерөнхий сайдын хамаатан тендер авсан гэх мэдээлэл. Энэ бол таны холбогдсон хэргийн анхны мэдээ. Одоо долоон жилийн дараа олон нийтэд энэ ээдрээтэй хэргийн талаар анх удаа ярих гэж байгаа нь сонин тохиолдол байна…

-Долоон жил гэдэг бол урт хугацаа биз дээ. Бүхэл бүтэн долоон жил өнгөрчихөөд байхад Дэнзэнгийнх гэх тодотголтой улс төрийн зохиомол хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Таны дурдаж байгаа 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан зүйлтэй санал өргөн барьсан ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Гэтэл МАН-ынхан нэмээд гурван санал оруулж ирсэн байдаг юм. Түүний нэг нь хүргэн Дэнзэнгийн гэх хэрэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэрэг. Учир нь тухайн үед УИХ-ын чуулганы индэр дээрээс МАН-ын гишүүн Н.Номтойбаяр “Хэрэг” гэж олон нийтэд зарласан. Зүй нь эрүүгийн хэрэг гэдгийг хэн нэгэн УИХ-ын гишүүн зарлахгүй, хуулийн байгууллага шалгаж тогтоодог зүйл. Гэтэл үүнийг хэрэг гэж УИХ-ын индэр дээрээс зарласан нь улс төрийн хэрэг гэдгээ нотолчихож байгаа юм. Тухайн үед би “Улс төр” юм даа гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Би ажлаа хийж байсан төрийн албан хаагч. Гэтэл энэ маань үргэлжилсээр байгаад хүнийг хэлмэгдүүлээд, шорон гянданд барьж хориод явдаг юм байна. Таны хэлж байгаа яг үнэн.

-Хүргэн Дэнзэнгийн гэх хэргийг тойрч өнгөрсөн долоон жилийн хугацаанд маш их мэдээлэл гарсан байдаг. Тэр дунд 25-тай залуу улс төрд орж ирсэн. Хадам ахынхаа тэргүүлсэн Засгийн газрыг ганхуулах хүртэл муу нэр зүүсэн баримтууд бий. Ер нь та яаж, ямар зам мөрөөр улс төрд орж ирсэн юм бэ?

-Үүнийг ярихын тулд би намтраа товч ярих хэрэгтэй болох нь. Би Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул. Анх 6 настайдаа сургуульд орж байлаа. Гайгүй сайн суралцаад есдүгээр ангиа алгасаж байсан. Тэр үед анги алгасна гэдэг тийм ч амаргүй зүйл. Би сурагч байхдаа математик, физикийн хичээлдээ их сонирхолтой байсан учраас аймгийнхаа математик, физикийн олимпиадад түрүүлдэг, бас 10-р ангидаа улсын математикийн олимпиадад оролцож гуравдугаар байрт шалгарч байсан. Аав маань МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн. Ээж маань хүний их эмч байлаа. Энэ хоёр маань Улаанбаатар хотод танилцаж гал голомтоо асааж гэр бүл болцгоосон хүмүүс. Би дээрээ гурван эгчтэй. Хоёр эгч маань бас л МУИС-ийг физикийн мэргэжлээр төгссөн хүмүүс. Бага эгч маань хүний их эмч. Харин би 10-р ангиа төгсөөд МУИС-д урилгаар орж хэрэглээний математикийг сонгон суралцсан. Хэрэглээний математик гэдэг маань маш товчхондоо амьдралд урган гарч байгаа аливаа асуудлын оновчтой шийдлийг олохыг эрмэлздэг салбар.

Оюутан байхдаа 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд “Тэтгэврийн даатгалын санд актуар загварчлал хэрэглэх нь” сэдвээр судалгааны ажил хийж байсан. Тэтгэвэр, нийгмийн даатгалын тогтолцоонд ирээдүйн эрсдэл ямар байхыг, хэрхэн яаж оновчтой шийдэхийг магадлалын онолын аргаар тооцоолж загвар гаргаж байсан. Энэ загварчлал дээрээ үндэслээд ирээдүйн таамгийг гаргаж болдог. Энэ нь бодлого тодорхойлогчдыг зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх судалгаа байсан юм. Дипломын ажлын удирдагч МУИС-д олон жил багшилсан эрдэмтэн Хадхүү багш, математикийн салбарт нээлт хийсэн академич Жанлав багш хоёр маань байсан. Би тэр үед сургуульдаа багшаар үлдэхээр  болчихсон байсан үе л дээ. Гэтэл 2007 оны 6-р  сар хавьцаа Хадхүү багш маань өрөөндөө дуудав. МУИС-ийн төв байрны хоёрдугаар давхарт яваад орсон чинь нэг хүнтэй хамт байсан нь одоогийн Н.Алтанхуяг дарга. Тэр хүн надаас “Оюутолгой, Таван толгойн ордоор математик загвар гаргах хүн хайж ирсэн юмаа. Чи улсын математикийн олимпиадад “3-р байр эзэлж байсан юм байна. Хийж чадах уу” гэж байна.

-Шууд уу…

-Тийм. Шууд л асуусан.  Тухайн үед Н.Алтанхуяг дарга УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөх байсан. Би ч шууд л “Чадна, чадна” гэсэн. Харин Н.Алтанхуяг дарга “Тэгвэл чи АН-ын зөвлөлд ажиллана аа. Оюутолгой, Таван толгойн ордыг Монголын ард түмэнд ашигтай, үр өгөөжтэй байлгах талаас судалгаа хийх хэрэгтэй байна” гэсэн. Маргааш нь намайг Төрийн ордонд дуудаад “Өнөөдрөөс ажиллаж эхэл” гэсэн. Ингээд л анх Н.Алтанхуяг гэж хүнтэй танилцсан юм. Сүүлд багшаасаа Хадхүү багш Алтанхуяг дарга хоёр Увс аймгийн арван жилийн ангийнхан гэдгийг сонссон. Ухаандаа ангийнхаа мундаг математикчаар  дамжуулаад сайн тоочин хайж  байсан юм билээ. Ингээд би 2007 онд УИХ дахь АН-ын зөвлөлд референтээр Оюутолгой, Тавантолгойн ордыг хэрхэн яаж загварчлах вэ, математик загварыг яаж байгуулах вэ, түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин ямар байдаг талаар судалгаа хийснээс гадна төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэгдүүлэх тал дээр бас тооцоо судалгааны ажил хийж эхэлсэн.

-2008 онд УИХ-ын сонгууль болсон. Та үргэлжлээд Шадар сайдын зөвлөхөөр үргэлжлүүлээд ажилласан байх аа?

-2008 онд сонгууль болсон. Н.Алтанхуяг даргын сонгуулийн компанит ажилд нь ажилласан. 2008 оны аравдугаар сар байсан санагдаж байна. ЗГХЭГ-т Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажилласан. Тухайн үед Тэргүүн шадар сайд яамгүй, ажлын албатай, Оюуны өмчийн газар, Стандартчлал хэмжил зүйн газар, чөлөөт бүсийн асуудал, үйлдвэржилтийн бодлогын асуудал багтаж байсан. Энд би төрийн ажил хэрхэн явдаг, яаж хийх ёстойг маш сайн ойлгож суралцсан. Үнэн хэрэг дээрээ зөвлөх нэртэй ч яг л ЗГХЭГ-ын референтийн ажлыг хийж байсан. Референтийн статустайгаар харьяа агентлагуудын асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэх, хууль бол хуулийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барих гэх мэт. Патентын тухайн хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль гэх мэт хэд хэдэн хууль дээр ажилласан байдаг. Тиймээс энэ тал дээр нэлээд ажлын туршлага дадалтай болсон байлаа. Дөрвөн жил яг л тэр төрийн албанд нухлагдаж ажилласан даа. Тухайн үед ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой би их сайн гар нийлж ажилласан гэж боддог. Хэдийгээр тэр хүн төрийн албан хаагч. Би бол статусаараа улс төрийн албан тушаалтан ч гэлээ төрийн ажил, Засгийн газрын тогтоол хэрхэн яаж гардаг талаар Ш.Солонго дарга маш их зүйлийг зааж сургасан. Тэгээд 2012 оны нэгдүгээр сард АН Засгийн газраас гарснаар манай албаныхан ажлаа өгсөн.

-Хэдий тэгээд өндөрлөсөн ч ЗГХЭГ-таа дахиад л ирсэн байдаг. Бүр дэд даргаар нь…

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад намайг ЗГХЭГ-т ажиллаж байсан туршлагатай гээд орон нутаг, хяналт шалгалт хариуцсан дэд дарга болгосон. Залуу хүн учир олон ажилруу ханцуй шамлаад л дайраад орсон. Орон нутагт л гэхэд болох болохгүй юм зөндөө байсан. Залуу хүний нүдээр харахад байж боломгүй дампуу зүйл ч байсан. Жишээ нь 1 сургууль, цэцэрлэгийн барилга дөрвөн жил баригдаад ашиглалтад ордоггүй, цэцэрлэгийг анх барихдаа 500 сая төгрөг гэж төсөвлөсөн нь 4 жилийн дараа нэг тэрбум 900 сая төгрөг болсон атлаа цэцэрлэг нь босоогүй байх жишээтэй. Ингээд л улс даяар авилгажсан төсөв гэж яригдаж эхэлсэн дээ.

ЗГХЭГ-ын дэд даргын хувьд юу нь болохгүй байна вэ, юу нь болж байгааг олон нийтэд ил гаргаж ажлаа эрчимтэй зөв явуулах нь миний ажил үүргийн хуваарь. Тэр үүднээс “Ийм болохгүй асуудал байна” гэж ил гаргаж тавьдаг, маш товчхондоо тэр хавьдаа шүгэл үлээгч болж хувирсан. Ингээд авлигажсан төсвийн талаар тухайн үед Ерөнхий сайд ил гаргаж тавиад сенсааци болж байсныг хүмүүс санаж байгаа байх.

Хоёрдугаарт, зарим дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан тохиолдол олон байсан. Жишээ нь, Төрийн банкнаас удирдлагууд нь ногдол ашиг хэлбэрээр 15 сая төгрөг зүгээр л авчихдаг. Бас хөнгөлөлттэй зээл гэж жилийн 1.8 хувийн хүүтэй 240 сая төгрөгийг өөрсдөө авчихдаг. Иргэний нисэхийн ерөнхий газар гэхэд 30 сая төгрөгийг хүмүүстээ бэлнээр гаргаад өгчихдөг. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гээд л. Ер нь агентлаг, яамдад ийм зүйл хавтгайрчихсан байсан. Би эхлээд цочино ш дээ, тэгээд хатуухан шалгаад олон нийтэд ил гаргасан. Энэ маань их гал дуудсан даа. Одоо бодоход ийм зүйлүүдийг хийсэн болохоор би олон хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн юм шиг байгаа юм. Эндээс бүх зүйл эхэлж, Дэнзэн гэж нөхрийг, барын зулзагыг бага дээр нь дарж авъя гэсэн улс төр явчихсан.

-Төсөвтэй холбоотой асуудал нь дэлгэгдэхэд дургүйцэх олон хэр байв?

-Байсан байсан. Манай намыхны зүгээс ч байсан, МАН-аас ч тэр. УИХ-ын гишүүд хүртэл шууд утасдаад “Яагаад байгаа юм бэ чи” гэж байсан удаатай. Би тухайн үед тоогоогүй. Шударга бус зүйлтэй огтхон ч эвлэрээгүй. Тэр чигээрээ л явчихсан.

-ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой сайн гар нийлж ажилладаг байсан гэлээ. Таныг ЗГХЭГ-т томилогдоод удаагүй Ш.Солонго дарга ажлаа өгсөн байдаг. Тэрээр энэ тухай хэвлэлд ярихдаа “Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн  замд би, Монголын хууль саад болсон” гэсэн байдаг.  Үнэхээр тийм зүйл болсон хэрэг үү?

-Тэр ярилцлагыг уншсан. Өнгөрсөн явдал. Өнгөрснийг өнгөрсөнд нь хаячихсан нь амар байдаг. Ирээдүйгээ хүн харж амьдрах хэрэгтэй. Ш.Солонго даргатай би 2008-2012 оны үед үнэхээр сайн хамтарч ажиллаж байсан. Үүнийг би хаана ч хэлнэ. Ш. Солонго дарга гавьяат болоход найран дээр нь очиж байлаа. Бид хоёр гайгүй л харилцаатай байсан. Яалт ч үгүй 2012 онд АН Засгийн эрхэнд гарсан. Ш.Солонго даргатай бас л хамтраад ажилласан. Мань хүн дээр нэг асуудал гарсан. Тухайн үед Төрийн банкны хэрэг гарсныг санаж байна уу. Тэр үед Төрийн банкнаас 15 сая төгрөгийг хувьдаа авчихсан байсан. Ш.Солонго даргын данс руу нь ороод батлагдчихсан. Ийм зүйл гарчихлаа, яалт ч үгүй ажлаа өгөх явдал боллоо гэснээс үүдэж бид хоёрын зөрчил үүссэн. Төрийн банкны асуудал дээр эвлэрэхгүй болоод зөрчил үүссэн. Тийм л зүйл болсон.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Дэнзэн ажлаа өг, шалгуул”

-Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэсээр ер нь энэ хэрэг чухам хэзээ яаж эхэлсэн талаар баримт мэдээлэл мартагдах дөхөж. Танд яг хэзээ, ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг  үүсгэсэн байдаг юм бэ?

-2012 оны есдүгээр сарын 5-нд анх би ЗГХЭГ-ын дэд даргаар, сарын дараа ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Гэтэл анх 2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөөд Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянгаар дамжуулж “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигчийн асуудал өрнөсөн. Тухайн оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэрэг үүсгэсэн юм билээ. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл ангид зааснаар. Ингээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгаж үзээд “Энэ бол хэрэг биш” гээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, “Говь повер” Чулуунбаатарын Уянга гэж хүний компани. Гэтэл Г.Уянга гээд ижил нэрээр тухайн үед улс төр хийчихсэн, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, О.Содбилэг гэсэн МАН-ын залуус оройлж оролцсон. Хэдий тийм ч тэр асуудал хэрэгсэхгүй болсон. Ингээд би 2013 оны зургадугаар сард ажлаа өгсөн.

-Ажлаа өгөхөд нөлөөлсөн гол шалтгаан юу байв. Олон нийтийн ойлгож байгаагаар энэ асуудлаас болж өгсөн. Тэгээд ч Ерөнхий сайдаас эхлээд өг гэдэг шахалтууд байсан болов уу гэж боддог?

-Тухайн үед 2013 оны дөрөвдүгээр сараас Н.Номтойбаяр гишүүн Г.Дэнзэн гэмт хэрэгтэн гээд УИХ-ын индэр дээрээс зарлачихсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би энэ хүнийг ажлаа өг гэж хэлсэн. Шалгуулах ёстой” гэж телевизийн ярилцлагад орохдоо ярьчихаж байгаа юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч хүн жирийн нэг залуугаар оролдоно гэдэг их сонирхолтой. Гэтэл хамгийн сонин нь хувь заяаны шоглоомтой зүйл юу байсан вэ гэвэл 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж гэж хүн нэр дэвшсэн. Тэр үеийн сонгууль их будлиантай болж байлаа. Одоогийнх шиг цахим үнэмлэх гэж байсангүй. Хуучны иргэний үнэмлэхтэй. Царцааны нүүдэл их явдаг. Нэг иргэн нэг газарт хоёр, гурван удаа санал өгчихдөг. Намайг Тэргүүн шадар сайдын ажлын албанд ажиллаж байхад Н.Алтануяаг сайд “Үүнийг яаж шийдэх вэ. Яаж нэг иргэн нэг л удаа санал өгдөг болох вэ” гэж багаараа ярилцаж байгаад “Ер нь иргэний үнэмлэх дээр бахиар тэмдэглэгээ хийдэг болчихвол иргэн нэг л удаа санал өгдөг болох юм байна” гэсэн санал яригдсан. Тухайн үед цаг хугацаа их давчуу. Гэнэт нэг өдөр Н.Алтанхуяг дарга үүрэг өгөөд, ийм бахь хийлгэж авч ирэхгүй бол булхай луйвар их болох юм байна гээд би тэр бахийг олж ирэхийн тулд Бээжин рүү нисэж байлаа. Монголд хавчдаг бахь олноор үйлдвэрлэдэг газар байхгүй. Гэтэл түүнийг орон нутаг, нийслэлд олноор тараах хэрэгтэй байдаг. Тэгээд Бээжинд очиход байдаггүй. Тухайн үед ЭСЯ-нд ажиллаж байсан Сүхбаатар гэдэг ах их тусалсан. Тэр хүний хүүтэй хамт бид хоёр Винжоу гэдэг хот руу очиж нөгөө бахийг гуравхан хоногт авчирч байлаа. Ирээд л бахиа СЕХ-д хүлээлгэж өгөөд, тус газар ч  дүрэм журмаа гаргаад л сонгууль болсон доо. Тухайн үед би Ц.Элбэгдорж гэж хүнийг Ерөнхийлөгч болчихоосой, гарчихаасай гэж тэгж л зүтгэж явсан. Харамсалтай нь дөрвөн жилийн дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед тэгж хэлэхийг харсан, сонссон. Тэгэхэд л их харамсаж байлаа. Ямар хүний төлөө зүтгэж явж байв даа гэж. Нэг тийм түүх байдаг юм.

-“Говь повер”-ийн хэрэг рүүгээ оръё. Анх бол Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Я.Батсуурийг энэ хэрэгтэй холбогдуулж цагдан хорьсон. Харин таныг бол Герман руу оргон зугтаасан гэж хуулийнхан мэдэгдсэн. Үнэн үү?

-Дээр хэлснээр анх цагдаа дээр хэрэг хуурамч бичиг баримттай холбоотой хэрэг үүсч, тэр нь хэрэгсэхгүй болсноор нэг жил орчим өнгөрч байгаа юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсны маргааш нь буюу 6-ны өдөр АТГ-аас Нийслэлийн прокурорын газар руу “Г.Дэнзэнгийн хэргийг сэргээн шалга” гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Ингээд л харахад улс төр гэдэг нь харагддаг. Яахаар Ерөнхий сайдыг огцруулсны маргааш нь Г.Дэнзэнгийн хэрэг гэгчийг сэргээн шалга гэдэг юм.

Энэ нь тэгээд их нарийн технологи явдаг юм билээ. Шударга бусын хонгил гэж байдаг. Би шударга бусын хонгилд нь, улс төрийн махны машинд нь ороод үзчихсэн хүний хувьд технологийг нь маш нарийн маш сайн мэдэж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Энхтөр гэдэг хүн бичиг явуулсан байсан. Би тухайн үед Герман руу математикийн чиглэлээр магистрт суралцахаар явчихсан байдаг. Тэгтэл 2015 оны хоёрдугаар сард Я.Батсуурь захирлыг цагдан хорьчихсон. Хэрэг анх үүсгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 265.2 буюу төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн байдаг. Ингээд Я.Батсуурь захирлыг хорьсны дараа Г.Дэнзэн гадаад руу оргон зугатлаа гэж гүтгэж эхэлсэн. Тиймээс “Би оргон зугтаагүй. Хэрэг хийгээгүй учир шалгуулахад бэлэн” гээд магистраа дутуу орхиод тавдугаар сард нь Монголд ирсэн. Тухайн үед Мөнхбаясгалан сэтгүүлч намайг “Цензургүй яриа”-нд орооч гээд бид 2 нэвтрүүлэгт орохоор тохирсон байтал урд өдөр нь намайг цагдан хорьчихсон. Би энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярихаас өмнө нэг зүйлийг хэлмээр байна.

АТГ-ын дарга: Н.Энхжаргал: “Чи ерөөсөө энэ бүх хэргийг жимс иддэг хүн хийсэн гээд хэлчих”

-Болно, болно…

-Шударга бусын хонгил гэж юу байдаг, ямар шат дамжлагатай байдаг талаар яримаар байна.

-За…

-Эхлээд хүмүүсийг хэвлэл мэдээллээр гүтгэж харлуулдаг. Энэ үнэхээр гэмт хэрэгтэн шүү гээд бүх сонин, сэтгүүл, вэб сайтуудаар муулдаг. Тэр ч байтугай УИХ-ын индэр ашиглан гүтгэдэг. Тэгээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэж нөгөө хүнийг адгийн амьтан болгонгуут дараа нь ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Энэ бол технологи. Би дээр хэллээ шүү дээ. Н.Номтойбаяр гэж хүн УИХ-ын индэр дээрээс хэрэг үүсгэчихлээ. Хэвлэлээр баахан шаагичихлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч телевизээр ярихдаа “Дэнзэн шалгуул” гээд хэлчихлээ. Уг нь Үндсэн хуулиар гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг. Ингээд буруутан гэж цоллохоос хонгил ажиллаж эхэлж байгаа юм.

Товчхондоо шударга бусын хонгил нь хэвлэлээр баахан муулаад, эрүүгийн хэрэг үүсгэдэг, АТГ нь хүнийг баахан дарамтлаад зохиомол хэргийн материал бүрдүүлдэг, ингээд прокурорын шатанд заавал зүйлчлээд түүнийхээ дагуу ёсчлоод шүүхээр ял онооно. Шүүхээр ял оноосныхоо дараа нь шударга бусын хонгил хорих газарт ч ажилладаг. Намайг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаад чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хүртэл үргэлжлүүлэн хорьсон. Ийм л муухай технологи явдаг.

-Жишээлбэл?

-2015 орны тавдугаар сарын 21-нд намайг цагдан хорилоо. Би хоригдоод ямар ч хэрэг хийгээгүй учраас 77 дахь хоног дээрээ 13 хоног өлсгөлөн зарлаж тэмцсэн. Биеийн байдал маш их хүндэрсэн. Үхэхийн даваан дээр батлан даалтад гаргаж байгаа юм. Тэнхрэх гэж удлаа. Цөсний чулуутай болоод ходоодныхоо талыг тайрууллаа. Намайг суллачихаад нэг хэсэг таг болчихсон. Тэгээд 2016 оны сонгуульд Н.Алтанхуяг дарга нэр дэвшсэн, тэгсэн зургадугаар сард дахиад л над дээр хэрэг үүсгээд яллагдагчаар татаад чимээгүй болсон. Тэгснээ 9-р сард нь АТГ-ын шинэ дарга Н.Энхжаргал өрөөндөө дуудаад “Дэнзээн, чи залуу хүн байна. Гэмт хэрэг хийгээгүй юм шиг байна. Чи ерөөсөө энэ бүх гэмт хэргийг жимс иддэг хүн хийсэн гээд хэлчих л дээ” гэж байсан удаатай. Нэрийг нь хэлэхгүй, Н.Алтанхуяг даргыг хэлж байгаа юм. “Тэгээд л болоо. Чи ирээдүйгээ бод л доо” гэх жишээний.

-Ямар хэрэг хийсэн гэж хэл гэж?

-“Говь повер”-ийн хэрэг. “Мөнгийг эхнэрийнхээ компаниар оруулахад Н.Алтанхуяг нөлөөлсөн. Тиймээс Н.Алтанхуяг ийм даалгавар өгсөн гээд л хэлчих. Чи тэгж хэлэхгүй бол эхнэрийг чинь хорино. Чи эхнэрээ сонгох уу, Н.Алтанхуягийг сонгох уу” гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Би маш хүнд байдалд орж байгаа юм. Аз болж эхнэр маань намайг байцаагдахаас хоёр хоногийн өмнө Герман руу магистрт сурахаар явчихсан байсан. Тэгээд ч би гэм буруугүй Н.Алтанхуяг гэж хүнийг гүтгэлтэй нь биш. Тэгээд дахиад хоригдох нөхцөл байдал үүсчихсэн. Ачигдах гэж байхад Н.Энхжаргал дарга хонгилд тааралдаад “Хохь чинь” гэж хэлсэн. Ингэж л хүнийг сэтгэл зүйгээр дарамталдаг, нухчин дардаг аймшигтай коммунист арга барилыг АТГ-ынхан ашигладаг байсан. Хүнийг дарамтална, сэтгэл зүйн хувьд шаналган зовооно, хорих ангид эрүүдэн шүүлт маягийн зүйл тулгана.

Зөвхөн намайг ч бус өөр хүмүүсийг ч дарамтална. Би мэдэх юм. Тухайн  үед ЭТТ компанийн захирлаар Б.Батбилэг гэж залуу ажиллаж байсан. АТГ-аас Б.Батбилэг захирал руу “Танай ЭТТ компанид хохирол үүсчихлээ. Хохирогчоор ор” гэсэн нууцын зэрэглэлтэй бичиг явуулсан байдаг. Хариуд нь ЭТТ-оос 2015 оны есдүгээр сарын 24-ны өдөр “Шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу манайх хохирогч гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн бичиг явуулж. Энэ бол баримттай үнэн. Гэтэл яг сарын дараа аравдугаар сарын 22-нд гэнэт нөгөө Б.Батбилэг гэж хүн маань байр суурь нь эрс өөрчлөгдөөд “Манайх хохирогч мөн юм” гэсэн албан бичиг АТГ-руу явуулсан. Хожим сонсоход тухайн үед АТГ-аас Б.Батбилэг захирлын ах дүүд хэрэг үүсгээд дарамталж, чи энэ хэргийг ингэж хэлэхгүй бол ах дүүг чинь шоронд явуулна гэдэг нөгөө технологио хэрэглэсэн юм шиг байгаа юм.

-Та ЭТТ-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа “Говь повер” гэх компанийн талаар мэддэг байсан уу?

-Энэ компанийн талаар надад мэдээлэл байгаагүй. Надтай холбож шуугиад эхэлсэн. Г.Дэнзэнийн эхнэр “Говь повер” компанийн захирал гээд эхэлсэн. Тэгэхэд би гайхна биз дээ. Юу болчихов гээд. Хүн чинь итгэдэггүй юм билээ. Эхнэрээсээ асуулаа. “Уянгаа чамд ийм компани байдаг юм уу” гээд. Эхнэр “Чи юу яриад байгаа юм бэ” гээд уурлаж байсан удаатай. Тэр үед эхнэр маань гэртээ хүүхдээ харж байсан. Юун компанитай манатай.

“Говь повер” компани Таван толгойн ордоос нүүрсийг нь буулгаад гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлээд буцаагаад ачдаг үйлчилгээнд шалгарсан компани юм билээ. Тэгсэн чинь 2013 оны зургадугаар сард Засгийн газрын хурлаар “нүүрсний үнэ унаж байгаа тул ЭТТ бусад компаниас илүү үйлчилгээ авах шаардлагагүй. Мөнгө хэмнэх үүднээс өөрөө гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй” гэж үзсэн. Үнэхээр миний компани мөн байсан бол, Н.Алтанхуяг даргын нөлөө  тэр компанид байсан бол ийм шийдвэр гаргах уу.

-“Говь повер” компани Эрдэнэс Тавантолгой компаниас их хэмжээний мөнгө гаргуулж авсан асуудал их маргаантай байдаг. Таныг Я.Батсуурь захиралтай үгсэн хуйвалдаж, “Говь повер” компаниийн хохирол гэж ЭТТ-оос нэхэмжилж их хэмжээний мөнгө гаргуулан авсан гэдэг?

-“Говь повер” компани гэрээний дагуу ажлаа хийж байтал Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ нь цуцлагдчихсан. Тэгээд тэд Иргэний шүүхэд гомдол гаргасан юм билээ. Шүүхийн процессоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж, “Говь повер”-той холбоотой нийт төсөвт өртөг, хохирол 5.3 тэрбум төгрөг болжээ гэдгийг комисс хэлэлцэж баталсан байдаг. Үүнийх нь дагуу шүүх шийдсэн асуудал. Гэтэл АТГ-аас хувийн компани хөлсөлж, Соёлмаа гэдэг хүнээр “Говь повер”-ийн хохирлыг 2.6 тэрбум төгрөг гэж үнэлүүлээд үнийн зөрүү гаргаж намайг улсад хохирол учруулсан гэж ялласан. Соёлмаа нь буруу дүгнэлт гаргасан. Энэ нь бол АТГ-ын технологи. Өөрөөр хэлбэл, АТГ зүгээр нэг хувийн компани хөлслөөд шүүхийн шийдвэрийг буруутгаж болдог жишээ.

Миний эхнэрийг Гэрэлхүүгийн Уянга гэдэг.  Говь поверийн эзэн нь Чулуунбаатарын Уянга. 

“Говь повер”-ийн хувьцаа эзэмшигч гээд улсын бүртгэлээр баталгаажуулчихсан хоёр Уянгын яг адилхан баримт миний гарт байна. Нэг нь Гэрэлхүүгийн Уянга, нөгөө нь Чулуунбаатарын Уянга гэсэн байна. Хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг гэж цоллогдож ирсэн хэргийн гол зангилаа нь энэ хоёр нэр. Хууль, шүүхийнхэн таныг буруутгахдаа хэрэг мандах үед эхнэр Г.Уянгынхаа нэр дээрх компанийг Ч.Уянгад шилжүүлсэн гэж үздэг. Хэн ч үүнийг ингэж л хардах баримт байна?

-“Говь повер” компани Чулуунбаатарын Уянга, Доржпүрэвийн Баярхүү гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Яг үйл ажиллагааг нь явуулдаг захирал нь Баярмаа гэж хүн байдаг юм билээ. Ийм компани л тендерт шалгарсан. Асуудлын гол зангилаа нь хувьцаа эзэмшигч нь Уянга гэдэг нэртэй хүн дээр л байсан. Н.Номтойбаяр гишүүн анх мэдэгдэл хийхдээ Дэнзэнгийн эхнэр Чулуунбаатарын Уянга гэснээ маргааш нь залруулга хийгээд “Гэрэлхүүгийн Уянга байж. Эд нар бүртгэл дээр нэрийг нь сольчихлоо” гэж шуум тараасан.

Нарийн судлаад үзэхээр гол нь хавтаст хэрэгт авагдсан баримт дээр бүх зүйл байдаг. Миний шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд нээлттэй болсон. Шүүх хурлын бүх процесс хэвлэлийнхэнд нээлттэй байсан. Үүн дээр ярьдаг гол зүйл бол нотлох баримтын асуудал. Үнэхээр энэ “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь хэн юм бэ гэж. Улсын бүртгэлийн бүх баримт дээр “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатар овогтой Уянга байна гэж гардаг. Цаашилбал, АТГ руу УБЕГ-ын архивын хэлтсээс нь явуулсан бичиг дээр ч яг ийм. Улсын бүртгэл дээр гурван төрлийн зүйл байдаг юм байна. Хамгийн гол зүйл нь эх нотлох баримт. Ямар нэгэн хувийн хэрэг дээр гараараа бичсэн нотлох баримтаар ч тэр тус компанийн хувьцаа эзэмшигч нь Ч.Уянга байдаг. Программ дээр ч бас ийм. Гэтэл олон нийтэд тараасан мэдээлэл нь скайнердаж янзалсан баримт дээр Гэрэлхүүгийн Уянга гэдэг нэрээр гараад байдаг.

-Хувьцаа эзэмшигч нь анх танай эхнэр байсныг Ч.Уянгад шилжүүлсэн юм биш биз дээ?

-Улсын бүртгэлийн бүхий л баримтаар Ч.Уянга энэ компанийн хувьцаа эзэмшигч байсан нь нотлогддог. Хэрэв манай эхнэр нь өмнө нь хувьцаа эзэмшигч байсан бол бас л тэр баримт нь гарч ирнэ. Ч.Уянга хувьцаа эзэмшигч болохын өмнө өөр хүмүүс тус компанийн хувьцаа эзэмшигч байдаг. Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын бүх процесс, хавтаст хэрэгт авагдсан бүх баримт дээр гэрчийн мэдүүлэг дээр Ч.Уянга “Дэнзэн гэдэг хүнийг танихгүй. Би энэ компанийн 60 хувийн эзэмшигчээр нь байсан” гэж мэдүүлдэг. “Говь повер” компанитай холбоотой өмнөх албан тушаалтнууд ч “Г.Дэнзэн гэдэг хүнийг танихгүй. Энэ компанийг Баярмаа гэж хүнд зарсан” гэж мэдүүлээд байдаг. ЭХХШТХ-д нотлох баримтын хүчин чадал, эх сурвалжийн тухай дурдсан байдаг. Аливаа албан тушаалтны бичсэн болон нотолсон албан бичиг тухайн хэрэгт хамааралтай байх юм бол энэ нь нотлох баримт болно гэдэг. Өөрөөр хэлбэл, АТГ руу улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнуудын явуулж байгаа албан бичиг Ч.Уянга гэж гараад байдаг. Гэтэл шүүх нотлох баримтыг авч үзэхдээ хуулбар хувийг авч үзээд байдаг. Нотолгооны онол ёсоор эх нотлох баримт дамжмал нотлох баримт хоёрын нотолгооны хүчин чадал зэрэглэлээр нь эх нотлох баримт нь илүү хүчин чадалтай. Мэдээж хуулбар нь нотлох баримтаар тооцогдохгүй.

-Тэр хуулбар хувийг хэн шүүхэд гаргаж өгсөн юм бэ?

-МАН, Н.Номтойбаяр гишүүн.

-Шүүх дээр эх нотлох баримт очоогүй хэрэг үү?

-Очилгүй яах вэ. МАН-ын гаргаж өгсөн хуулбар хувь, улсын бүртгэлээс гаргасан Ч.Уянгынх гэсэн хувь бүгд хавтаст хэрэгт байгаа. Ч.Уянгын мэдүүлэг байсаар байтал Дэнзэн буруутай гээд л шүүх шийдвэрээ гаргасан шүү дээ. Түрүүний асуултад эргээд ороход “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь миний эхнэр биш. Чулуунбаатарын Уянга гэдэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогддог юм. Тийм учраас би өөртөө бат итгэлтэй байдаг. Би хэрэг хийгээгүй. Хэрэг хийгээгүй учраас би өөрийнхөө бие эрүүл мэндийг золин байж өлсгөлөн зарласан. Надад хэрэг хийгээгүй учраас цагаадна гэсэн итгэл үнэмшил одоо ч хүртэл унтраагүй байгаа.

-Таныхаар “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигчийн энэ олон баримтыг МАН зохиосон болж таарч байна уу?

-Би итгэл төгс тийм гэж хэлнэ. Би санаж байна. 2013 оны үед хуурамч баримт бичигтэй холбоотой асуудал бас мандаж байсан. УИХ-ын дахь МАН-ын бүлэгт ажилладаг хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай ийм гэрээ байгууллаа гэсэн хуурамч гэрээ тарааж байсан. Тэр нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдож тэр хүн хариуцлага хүлээж байсан санагдаж байна. МАН-д тухайн үед баримт бичиг хуурамчаар үйлддэг технологи байсан юм байна гэж харддаг. 

-Монголын улс төрийн ууган хүчин болсон том нам нэг гэр бүлээр ингэж тоглосон хэрэг үү?

-МАН бүхэлдээ ч биш байх. Дарга нь М.Энхболд, бүлгийн дарга нь С.Бямбацогт байсан. Тэд зохиосон. Энэ нь шүүх дээр оччихсон. Эрх мэдлийн төлөө энэ хүмүүс одоо хоорондоо уралцаж байна. Тухайн үед МАН 2013 онд АН-ын Засгийн газрыг унагаахын тулд эв нэгдэлтэй  л байж. 2016 оны сонгуулийн дараа эрх бариад хоорондоо яаж байлдав. ЖДҮ-чид, концесчид гэж гарлаа. Тэд нарт хүн бол хайран биш. Эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хүнийг золиосолж чадна. Ийм л учраас шударга бус нийгэм байгаад байна. Эрх мэдэлтнүүдийн хоморгонд жирийн хүмүүс хэлмэгдэж байна гэдгийг л хэлмээр байна.

Би 533 хоног хилсээр хоригдсон

-Энэ хэрэг Өршөөлийн хуульд хамрагдагдсан талаар бас нэг хэсэг шуугисан. Гэтэл шүүх хурал болж, танд болон Я.Батсуурь захиралд ял оноочихсон. Өршөөлийн хуульд багтаагүй байх нь, тийм үү?

-Анх хэрэг үүсгэхдээ Я.Батсуурь нарт Эрүүгийн хуулийн 265.2-оор хэрэг үүсгэсэн. 2015 оны наймдугаар сард Монгол Улсад Өршөөлийн тухай хууль батлагдан, 265 дугаар зүйл анги нь өршөөлд орчихсон юм. Өршөөлд орсон ч шүүх хурал болж гэм буруугийн асуудал яригддаг. Тэгсэн энд их сонирхолтой зүйл өрнөсөн. Хонгилын технологийн үргэлжлэл. Энэ нь прокурорын шатанд ч явна. АТГ, прокурор хоёр нэг болчихсон. Тиймээс прокурор АТГ-аас ирсэн хэргийг тэр чигт нь зүйлчлээд яллах дүгнэлтээ үйлдээд 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүгч Г.Буяннэмэх хүлээж авдаг. 2016 оны арванхоёрдугаар сарын үед АН-ын даргын сунгаа болж Н.Алтанхуяг дарга сунгаанд өрсөлдөж байсан. Миний хэргийг хүлээж авсан Г.Буяннэмэх шүүгч хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа юм. Миний хэргийг хүлээж авангуут шүүгч маань одон зүүчихээд 20 хоногийн дараа “Г.Дэнзэнг ЭТТ компанийн ТУЗ-ийн даргаар зүйлчилсэн нь буруу байна. ЗГХЭГ-ын дэд дарга учраас түүнийг төрийн албан хаагчийнх нь хувьд зүйлчлэлийг нь өөрчил” гэсэн агуулга бүхий бичгийг прокурор руу буцаадсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нэгдүгээрт, шүүгч хүн урьдчилж хэн нэгнийг гэм буруутай гэж үзэх ёсгүй. Тэгэхэд намайг гэм буруутай гэж шууд урьдчилсан дүгнэлт хийчихсэн. Хоёрт, анх зүйлчилсэн байсан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл ангийг 263 болгож өөрчил гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 265 нь өршөөлд орчихсон байна, тэгэхээр өршөөлд ороогүй зүйл анги буюу 263-р зүйлчил гэсэн үг. Нэг ёсондоо намайг заавал шоронд суулгах арга. Түүнийг нь прокурор дор нь гүйцэтгээд л хэдхэн хоногийн дараа миний зүйл ангийг 263 болгож өөрчлөөд шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр энэ хэргийн шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд болж, надад гурван жил зургаан сарын хорих ял, Я.Батсуурь захиралд хоёр жилийн хорих ял, надад ямар ч хамааралгүй “Говь повер” гэдэг компанийн хохирлыг таллаж гаргахаар шийдвэр гарч байсан. Энэ бол үнэхээр аймшигтай технологи. Улсын дээд шүүхийн хурал болох хүртэл намайг залхаан цээрлүүлж чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хорьсон.

Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр шударга бусын хонгил гэдэг зүйл АТГ, прокурор, шүүх, цаашлаад хорих анги дээрээ үргэлжилдэг юм шүү. Яагаад үүнийг хонгил гэж нэрлээд байна вэ гэхээр Ц.Элбэгдорж гэдэг хүн АТГ-ын дарга, прокурор, Ерөнхий прокурор, шүүгчийг томилж байсан. Ганц л хүн удирдаж байгаа учраас энэ чинь хонгил үүсгэчихээд байгаа юм. Ядаж УИХ нь АТГ-ын удирдлагыг өөрөө санал болгоод томилдог байсан бол нэг хүний удирдлагаар бүх зүйл явахгүй. Ядаж энэ гурван байгууллагын томилгоо тус тусдаа байх юм бол хонгил үүсэхгүй. Ингэж би 533 хоног хоригдсон. Урт хугацаа шүү.

Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх ийм шийдвэр гаргасан ч Улсын дээд шүүхээс “Г.Дэнзэнг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэж үзээд анхан шат руу хэргийг буцаасан. Тэгэхэд би улсын дээд шүүхийнхэнд үнэхээр баярласан. Үхтэл хэлмэгдсэн надад шударга ёсны гэрэл ёлтолзсон нь энэ л дээ. Тэгэхдээ шинээр батлагдаж гарсан ЭХХШТХ-ийн үндсэн концепци нь ямар ч хэрэг улсын дээд шүүхээс буцахгүй, улсын дээд шүүх дээр эцэслэн шийдэгдэх ёстой. Хэрэг хийсэн бол ялуулна, хэрэг нь нотлогдоогүй бол цагаадах хуулийн үзэл баримтлалтай. Уг нь нотлох баримтгүй гэсэн юм чинь энэ хэрэг цагаадах учиртай байгаа биз. Гэтэл Г.Дэнзэн гэдэг улс төрийн хэрэгтнээс болоод энэ хуулийн үзэл баримтлал над дээр зөрчигдсөн.  

-Яалт ч үгүй олон нийтийн зүгээс ч, улс төрийн хүрээнийхнээс ч таныг хэтэрхий бярдчихав уу даа гэдэг асуудал яригддаг нь нууц биш. Залуу хүн, өндөр албан тушаалд очсон, Ерөнхий сайдын хамаарал бүхий гээд л. Бүх зүйл зуун хувь үнэн гэж байхгүй. Алдаа танд байсан л байх. Үүнийг та одоо яаж хардаг вэ?

Миний алдаа гэвэл тухайн үед “Г.Дэнзэн албан тушаалаа урвуулан ашиглалаа” гэж гүтгэхэд нь “Улс төрийн асуудал юм” гээд орхичихсон. Тэртээ тэргүй хэрэг биш учраас цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд ил гарч энэ талаар хүргэе гэсэн бодол тээж явсан нь буруу байж. Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн үлгэрээр Г.Дэнзэн эрүүгийн гэмт хэрэгтэн, тендер авсан, албан тушаалаа урвуулсан гээд л үнэн  болтол нь гүтгүүлээд явсан нь харамсалтай.  Олон нийтэд гарч хэлээгүй, өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй нь миний алдаа байсан. Дээрээс нь тухайн үед бодож байсан зүйл монголчуудын маань сэтгэл зүй “Өөрийгөө өмгөөлж байгаа хүнд их дургүй. Хүлээж авах нийгмийн сэтгэл зүй байгаагүй. Тэгэхээр би шүүхээр асуудлаа шийдүүлж, хэрэг хийгээгүй юм чинь цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд хандана гэж бодож байсан маань буруу болжээ.

Эхнэр хүүтэйгээ уулзалгүй 5 жил гаруй боллоо.

-Багагүй хугацаанд хоригдож, бүр цаашлаад хорих ял авсныг гэр бүлийнхэн, аав ээжид тань хүнд туссан нь мэдээж. Тэд юу гэцгээж байв даа?

-Маш товчхдоо маш хүнд нөхцөл байдал үүссэн. Сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр. Үс нь бууралтана, санаа сэтгэл нь зовно. Аав маань настай хүн. Үнэхээр хүнд. Ерөөсөө л Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүн рүү дайрсан дайралтын золиосонд маш олон хүн хэлмэгдсэн.  Хамгийн аймшигтай, гунигтай зүйл юу вэ гэхээр Ганц худагт би хадам ээжтэйгээ таарсан. Манай хадам ээжийг бас бариад хорьчихсон байсан. Гэр бүлээр нь ингэж тарчлаасан хэрэг. Хадам ээж, хүргэн хоёр шоронд тааралдана гэдэг үгээр хэлэхийн аргаггүй зүйл юм билээ. Дээр нь өнөөг хүртэл би эхнэр, хүүхэдтэйгээ уулзалгүй таван жил гаруй болж байна. Хүүгээ 3 настай байхад явуулчихаад одоо гар утсаар л холбогдохоос цаашгүй байна шүү дээ. Эхнэр маань ХБГНУ-д сурч байгаа. Одоо ч би хилийн хоригтой хэвээрээ л байгаа. Та бодоод үз дээ бид чинь залуу гэр бүл. Уг нь эхнэр хүүхдээ нэг харчихмаар, оччихмоор бодогдох л юм. Миний амьдралыг золигт гаргачихсан. Энэ зүйл зөвхөн ганц надаар дуусаасай билээ, Монгол Улсад эрүү шүүлт битгий байгаасай. Хэрэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээгээд явна биз. Хэрэг хийгээгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэдэг үүднээс олон нийтийн өмнө гарч байгаа минь энэ. Үнэхээр гунигтай, хүнд, хэцүү долоон жил өнгөрч байна даа.

-Г.Дэнзэнгийн хэрэг гэхээр хүргэн Дэнзэнгийн хэрэг гэж л яригддаг болж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр ч энэ хэрэгт байнга хавчуулагддаг. Магадгүй энэ хэрэг Н.Алтанхуяг сайдын Засгийн газрыг ганхуулсан нэг шалтгаан. Юу гэх юм, Н.Алтанхуяг дарга энэ тухай?

-Хүнд л дээ. Н.Алтанхуяг нэдэг хүнийг унагахын тулд зөвхөн би биш, охин, ойр хавийнханыг нь хэрэгт хийх гэж их оролдсон. Нүүрсний хэрэг гээд Гансүх зөвлөхийг, дүүг нь, бэрийг нь хорьсон. Энэ хүнийг тойрсон бүх хүнийг хорьсон. Үүнийх нь нэг хэсэг нь би. Ямар л олигтой байв гэж. Хэцүү. Н.Алтанхуяг гэж хүнээс би их юм сурсан. Түүнээс ганц зүйлийг дурдахыг хүсч байна. Би юмыг яс хийж сурсан.

Хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог юм шиг санагддаг. Дэнзэн Н.Алтанхуяг гэж хүний нөмөр нөөлгөнд дээшээ гарсан. Хамаатан садан болсныхоо хэрээр л ингэж яваа юм гэх зэргээр дүгнэдэг. Би өөрийгөө дөвийлгөхийг хүсэхгүй байна. Тухайн үед математикийн чиглэлээр сургуульд гайгүй сурч байсныг үнэлсэн байх. Надаас илүү математикч мундаг хүмүүс бий. Хувь заяаны эрхээр л энэ хүнтэй холбогдсон. Хүн л юм чинь алдаа оноо гаргана.

Би 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн АН-д гишүүнээр элсээд дүүргийн намын хорооны гишүүн, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажиллаж байсан. Улс төрийн хувьд тодорхой хэмжээнд орон нутгийн намын байгуулалт, дүүргийн намыг хэрхэн яаж ялуулах вэ, баг хамт олонтойгоо, яаж хэсгийн хороо тойргийн хорооны хүмүүстэйгээ гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэх вэ, намаа ялуулах бодлогыг яаж барих вэ гээд зөвхөн математикийн чиглэлээр бус улс төрийн чиглэлээр ажилласан. 2011 онд сүүлд миний эхнэр болсон Уянгаа маань Тэргүүн шадар сайдын ажлын албанд орж ирсэн. Тэр үеэс л танилцаж, үерхэж эхэлсэн. Үүнийг л хүмүүс буруугаар мушгин гуйвуулдаг.

Хорих ангид байхдаа би 135 ном уншсан байна лээ. Энэ үед надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ном бол Жавахарлал НеругийнЕртөнцийн түүхийг сөхөн үзвэл гэдэг ном. Охин Махатми Гандид бичсэн захидал дээр суурилсан дэлхий ертөнцийн түүхийн талаарх ном. Энэ номыг уншиж байхад Жавахарлал Неру гэдэг хүний туулсан амьдрал надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр есөн жилийн турш шоронд хоригдсон. Тэгэхдээ тэрээр үзэл бодолдоо маш үнэнч, Энэтхэг улсыг тусгаар тогтнолыг бататгаж, хүчирхэг болгохын төлөө, Их Британийн колониос гаргаж улсынхаа ард түмнийг аятай таатай амьдруулахын төлөө зүтгэсэн зүтгэл нь хэмжээлшгүй их. Тийм ч учраас би хоригдож гарч ирснийхээ дараа МУИС-д математикаараа магистр хамгаалсан. Одоо Оюу толгой ордыг ашигтай ажиллуулах математик загварчлал сэдвээр докторын диссертацийн ажил бичиж байгаа.

-Та чинь бас хуулийн сургуульд сурч байгаа гэсэн үү?

– Шударга бусын хонгилоор орсон надад хууль судлах шаардлага тулгарсан. Ингээд оройн ангиар хуулиар суралцаж байна. Яг үнэндээ миний сурсан математик цагдан хорих төвд ямар ч хэрэггүй юм билээ. Надад юу хэрэг болж байсан бэ гэвэл хууль. Яаж би өөрийгөө өмгөөлж хамгаалах вэ, яаж би энэ шударга бусын өөдөөс тэмцэх вэ үүн дээр л их ач холбогдол өгч байна. Хуульд суралцаж байгаа болохоор одоо шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлж орж байгаа. Мөнгө төгрөгийн хувьд ч тэр, нөөц бололцооны хувьд ч тэр би шавхагдаж байна. Таван жил ямар ч ажил орлогогүй явлаа. Хуулийн сургуулиа энэ 12 сард төгсөнө.

-Үнэндээ таныг 17 тэрбум төгрөг завшсан, баян залуу л гэж нийгэм харддаг. Тэгвэл та одоо яаж амьдарч байна?

-Гэр бүлийнхэн маань их тусалж байна. Эгч маань хуруу хумсаа хугалан байж цалингаасаа илүүчилдэг. Түүнээс надад эрхэлсэн бизнес алга. Анх л төрийн албанд орж ажилласан. Төрийн албанд зүтгэсээр байгаад ийм байдалд орж хэлмэгдээд явж байна. Нөхцөл байдал ийм л байна. Ямартаа ч хуульд суръя. Хуулийн чиглэлээр Монголынхоо эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүст туслаъя. Цагдан хорих төвд их л олон шударга бус зүйлийг үзлээ харлаа. Цаашид ч бас хуулийнхаа чиглэлээр тууштай ажиллана гэж бодож байгаа. Одоо бол өөрийгөө боловсруулаад явж байна. Хэрэг маань цагаадна гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

-Нэг хэсэг таны холбогдсон хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Харин та цагаадна гэж үзэж байгаа гэв үү?

-2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхээс хэргийг анхан шат руу буцаачихсан. Ингээд нэг хэсэг чимээгүй болсон. Ерөөсөө чимээгүй болдог технологио дахиад хэрэглэнэ. Гэнэт байж байснаа намайг 2019 оны гуравдугаар сард прокуророос дуудаад “Дэнзээн хэрэг чинь хэрэгсэхгүй боллоо” гэдэг юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Би хэрэг хийгээгүй болохоор өөрийнхөө гэм буруугүй гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д өөрийнхөө гэм буруугүйг шүүхээр хянан шийдвэрлүүлж болно. Ийм тохиолдолд ердийн журмаар хянан хэлэлцэнэ гэсэн байдаг. Түүний дагуу би шүүхэд гомдол гаргаад явж байна. Улсын дээд шатны шүүх хурал болоогүй байна. Шударга ёс, шударга шүүх гэж байдаг бол би цагаадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу хэлэхийг хүсч байгаа бол?

– Би залуу хүний хувьд хяналт шалгалтын ажлыг хариуцаж аваад ажиллаад жаахан дуугараад, авлигажсан төсөв байна, болохгүй байна, улсын төсөв мөнгийг дэндүү үрэлгэн зарцуулж байна гэж хэлснийхээ төлөө олон дайсантай болсон. Дээр нь Шинэчлэлийн засгийн газар,  тэргүүлж байсан Н.Алтанхуяг даргыг унагаах гэсэн бохир улс төрийнх нь нэг золиос нь болсон. Тэгсэн ч залуус минь ээ, битгий халшраарай. Өөрсдийнхөө итгэл үнэмшилд үнэнч зүтгээрэй. Ингэсэн цагт энэ Монгол Улсын төр эрх зүйн журамтай, шударга болж ард иргэд зөв тоглоомын дүрмээр амьдарч хөгжиж дэвших болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap