ОХУ-н ерөнхийлөгч , Оросын түүхэнд шилдэг удирдагч болон үлдэх нь нэгэнт тодорхой болсон Владимир Владимирович Путины тухай

В.Путин 1952 оны 10 сарын 7-нд Ленинград хотод төрсөн эх Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байж, Эх орны дайны үед тэр НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнижээ.

Тэр ерөнхий боловсролын 281-р сургуулийг төгсөж 1970 онд тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ . Путин сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байсан ба их сургуульд сурч байхдаа ч тэр жудо бөхөө орхиогүй хичээллэж самбо, жудо бөхийн спортын мастерын зэрэгтэй болж улмаар 1976 онд Ленинградын жудо бөхийн аварга болж байсан байна . 1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (УАХХ -КГБ СССР) хуваарилсан байна. Путин 1975 – 1990 оны хооронд ЗХУ ын УАХХ-ны гадаад тагнуулын ажил хариуцсан 1-р хэлтэст ажиллажээ. Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхад гадаад тагнуулын тасгийнхан түүнийг анзаарч бэлдсэн ба 4 жилийн дараа тэр Москвагийн Краснознаменный дээд сургууль (өнөөгийн гадаад тагнуулын академи) орж 1985 онд төгссөн байна.

1985-аас 1990 онд Путин Ардчилсан Герман Улсын Дрезден хотод ажиллаж ЗХУ-БНАГУ-ын “Найрамдалын Ордоны” захиралын албан тушаал хашсан байна . Тэр мэдээллийн эх сурвалж элсүүлэн авах, мэдээлэл олж авах, боловсруулах, төв рүү илгээх ажил хариуцаж байжээ. 1989 онд БНАГУ-д нийгмийг хамарсан үймээн дэгдэж эхлэх үед “ ЗХУ–ын эрх баригчид хөдөлгөөний саатал хэмээх эмчлэгдэшгүй өвчин туссан нь тодорхой болсон” гэж Путин хожим хэлсэн байдаг. 1990 оны 6 сард Путин төрөлх хотдоо эргэж ирлээ. Тэр Ленинградын их сургуулийн проректорын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн туслах болжээ. Ленинградын их сургууль дахь УАХХ-ны төлөөлөгч гэсэн давхар алба хашиж байв.

Путин 1990 онд Ленинградын их сургуульд ажиллахаас гадна хотын зөвлөлд орсоноор улс төрд хөл тавьж Ленинград хотын зөвлөлийн дарга Анатолий Собчакийн багт орж Собчакийн гадаад харилцаа хариуцсан зөвлөхийн албан тушаалыг давхар хашив . Үүнээс өмнө Собчак залуу багш байхад Путин анх танилцаж байсан ба Путин Германаас эргэж ирээд Собчактай холбоо харилцаагаа улам зузаатгажээ..

Ингээд 1991 оны 6 сард Санкт-Петербург хотын амбан захирагчийн албан тушаалд Собчак сонгогдож Путин хотын амбан захирагчийн гадаад харилцаа эрхэлсэн хорооны дарга болжээ. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд машин, тоног төхөөрөмж худалдан авах, Санкт-Петербургийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх гэх мэт олон ажилыг эхлүүлж Санкт-Петербург хотод валютийн бирж байгуулах, BNP-Drezdner Bank (Rossija), “Астория” зочтд буудал байгуулах ажлыг гүйцэтгэхэд Путин оролцсон байна.

1991 оны 8 сард болсон үймээний үеэр Путин КГБ-ээс халагдах хүсэлтээ гаргасаныг ёсоор болгожээ. Путин 1994 онд Санкт-Петербург хотын засгийн газрын даргийн нэгдүгээр орлогч болжээ. 1995 онд тэр “Наш Дом-Россия” намыг тэргүүлэн орон нутгийн сонгуульд оролцсон ч амжилт үзүүлээгүй бөгөөд 1996 онд Санкт-Петербуг хотын даргийн 1-р орлогчийн алубан тушаалаас чөлөөлөгджээ. Собчакийг сонгуульд ялагдсанаас хойш хэдэн сарын дараа Путин Москва руу шилжин ирж Ерөннхийлөгч Борис Ельциний тамгийн газар ажилд орсон хэрхэн яаж гэдэг нь тодорхой биш Анатолий Чубайсийн дэмжлэгтэйгээр Путин ийм өндөр албан тушаал хаших болсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн таамагладаг байна.

1996 оны 8 сараас Путин ОХУ ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга Павел Бородины орлогч болжээ. Энэ албан тушаалд Путиний хариуцсан асуудал нь хилийн чанадад байгаа оросын өмч хөрөнгө, хууль эрх зүйн асуудал багтаж байлаа. 1997 оны 3 сарын 25-нд Путин Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргийн орлогч, Ерөнхийлөгчийн захиргааны хяналтын дарга болжээ. Энэ албан тушаалд томилогдохдоо Путин зэвсэг хүчин, цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн асуудал, улсын төсвийг хэрхэн захиран зарцуулж байгаад хяналт тавина гэж мэдэгдэж байлаа. Шинэ албанд томилогдоод гарын үсэг зурсан хамгийн анхны баримт бичиг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрэн таран хийж байгаа эсэхийг шалгах тухай байлаа.

1997 оны 9 сарын 19-нд ОХУ ын Аюулгүй Байдлын Зөвлөлд эдийн засгийн аюулгүй байдал хариуцсан хороонд багтсан байна. 1998 оны 5 сард Ельциний засаг захиргаанд томоохон халаа сэлгээ хийгдэж Путин орон нутгийн бодлого хариуцсан даргийн орлогч болжээ. Гэтэл 7 сарын 27 нд оросын ерөнхий сайд Сергей Криенко Холбооны Аюулгүй Байдлын Газрын даргаар томилж Путинг энэ байгуулагын даргаар томилохдоо тусгай албанд ажиллаж байсан, эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж байсан туршлагатай хүн гэж тодорхойлсон байна. Путиний өмнө эдийн засгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлийг эрчимжүүлэх гэсэн даалгавар байлаа.

Путин Холбооны Аюулгүй Байдлын газар бүтцийн өөрчлөлт хийж төв аппаратыг нь 6000 аас 4000 болгож цомхотгожээ. Тухайн үед Путин “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа өөрийн ажлын тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гадаадын тагнуулын байгуулагын үйл ажиллагаанд хяналт тавих, алан хядлагийн эсрэг явуулах үйл ажиллагааны арга боловсронгуй болгох гэж тодорхойлжээ. 1998 оны 11 сард Путин төрийн албаны бүх шатанд авилага түгээмэл байгааг анхааруулжээ .

1998 оны 10 сард Путин ОХУ ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд байнгийн гишүүн болжээ. 1999 оны 8 сарын 9-нд ерөнхий сайд Сергей Степашин огцорч, харин Путин ОХУ ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ. Борис Ельцин телевизээр хандан ард түмэндээ үг хэлэхдээ Путинийг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэж хэлсэн юм. Путин ч 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолтой байна гэдгээ зарлажээ.

Сергей Степашин албан тушаалаасаа огцорсон нь түүний үйл ажиллаагааг сөргөөр дүгнэсэн хэрэг биш, харин Ерөнхийлөгч, Төрийн ДУМ-ын сонгуулийн өмнө улс орныг бэлтгэх, Кавказад нөхцөл байдал хүндэрч байгаа тул улс орны аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авах үүднээс Засгийн газарт халаа сэлгээ хийсэн гэж Путин танхимынхаа анхны хуралдаан дээр мэдэгджээ. Гэвч шинэ ерөнхий сайд асар богино хугацаанд сонгогчдийн итгэлийг хүлээнэ гэдэг маш хүнд даалгавар байлаа.

1999 оны 8 сарын 16 нд ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путинийг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлж баталжээ. Ерөнхий сайд Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгч Дагестан, Чечень руу цэрэг оруулжээ. Энэ үед Оросын томоохон хотуудад хэд хэдэн удаа орон сууцны барилгад дэлбэрэлт болж алан хядах ажиллагааг Чечений салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж тагнуулынхан үзжээ. Ингээд В. Путин Дагестанд үр дүнтэй цэргийн ажиллагаа хийж, бас ЗХУ задарсанаас хойшхи Оросын зэвсэгт хүчний хямралд цэг тавьжээ. Үүний дараа Чеченийг ОХУ ын бүрэлдэхүүнд буцааж оруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж Путин мэдэгдээд богино хугацааны дотор оросын цэргүүд Чечний газар нутгийн 80 хувийг хяналтандаа авсан байна. Чечений ард түмэн гэмт хэрэгтнүүдийн дэглэмээс ангижирах ёстой, төр засаг Чечений ард түмний эрх ашгиийн төлөө ажиллах болно гэж тэр онцлон тэмдэглэжээ. Чеченьд амжилттай болсон цэргийн ажиллагааны дараа Путиний нэр хүнд нийгэмд өсчээ.

1999 оны 12 сарын 31-нд Борис Ельцин төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Путин ОХУ ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болжээ. Путин шинэ ажилд ороод гарын үсэг зурсан хамгийн анхны бичиг баримт нь Борис Ельцинд өгөх халамж, үйлчилгээ, нийгмийн хангамжийн тухай байлаа. 1999 оныг дүгнэхдээ сэтгүүлчид Путиний байр суурь бэхжиж, улс оронд тогтвортой байдал үүссэн гэж бичиж байлаа.

2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Путин тухайн үед өгсөн ярилцлагадаа “Миний гол зорилт бол ард түмний амжиргааг дээшлүүлэх ” гэж хариулжээ.. 2000 оны 3 сарын 26 нд Путин ОХУ ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Путиний төлөө сонгогчдийн 52,94 хувь нь санал өгч тэр мөн оны 5 сарын 7-нд тангараг өргөж албан тушаалдаа орсон юм. Тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ Путин улс орны нэгдмэл байдлыг хангах, төрийг төвлөрүүлж бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Энэ зорилтоо хангахын тулд Путин холбооны бүтцийн шинэчлэлийг хийжээ.

2000 онд холбооны 7 тойрог бий болж, тойрог тус бүрд ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон байна. Ийм арга хэрэглэснээр ОХУ дахин задрах аюулыг арилгажээ. Төрийг удирдлагыг төвлөрүүлэх шинэчлэл Путинийг 2004 онд улиран сонгогдсоны дараа ч үргэлжилсэн юм. Путин эхний удаа төрийн тэргүүн байхдаа томоохон бизнесийн бүлэглэлүүдтэй хэл амаа ололцох гэж их хүчин чармайлт гаргажээ. Путин хэвлэл мэдээллийн салбарын том бизнесмэн Гусинскийтай муудаж түүнийг хэвлэл мэдээллийн салбарын бизнеснээс шахан гаргажээ . Эрх баригчид төв телевизэд аажмаар хяналтаа тогтоож, Чечений асуудал гэх мэт томоохон даацтай асуудлаар мэдээлэл хийхдээ заавал Путин ерөнхийлөгчийн амыг харах болжээ. Олигархуудаас Путинтай муудалцсан дараагийн бизнесмэн нь Михаил Ходорковский болов.”ЮКОС” компаний захирал Кремлийнхэнтэй өрсөлдөж сөрөг хүчний улс төрийн намынханд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ.

Путинийг бизнесмэнүүдтэй уулзах үед Ходорковский газрын тосны салбарт төрийн авлигал газар авсан гэж хэлжээ. 2003 оны 10 сарын 25-нд ОХУ ын хууль сахиулах байгуулагийнхан Ходорковскийн эсрэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэсэн байна. 2005 оны 5 сарын 31-нд Ходорковскийг шүүх хурал дуусжээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Ходорковскийг өмөөрч, Кремлийг шүүмжилсэн мэдээлэл дамжуулж байлаа. Ходорковский 9 жил шоронд хоригдох ял авсан байна.

Путинийг ерөнхийлөгч байх үед Оросын эдийн засгийн өсөлт нь гайхалтай нэмэгдэж ДНБ-ний хэмжээ 6,5 хувиар хүрч Оросын гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан бол 30 хувь болжээ. 2000 оны 7 сарын 8-нд Путин анхны илгээлтэндээ төрийг бэхжүүлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэж байсан юм. Учир нь ЗХУ задарсаны дараа улс орныг задлах чиг хандлага даамжираад байлаа. 2001 оны 4 сарын 3-нд явуулсан хоёр дахь илгээлтэндээ улс орны бүрэн бүтэн байдал хадгалагдсан, одоо төрийн аппаратыг үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй байна гэж бичжээ. 2002 оны 4 сарын 18-нд Путин хүн амын амжиргааны түвшинг сайжруулах нь тэргүүлэх зорилт байна гэж 3 дахь илгээлтэндээ цохон тэмдэглэсэн байв. 2003 оны 5 сарын 16-нд гаргасан 4 дэхь илгээлт нь сонгуулийн өмнө ард түмэндээ хаягласан мэдэгдэл байлаа.

Тэр төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ямар амжилтанд хүрснээ илэрхийлээд Орос улс хүчирхэг гүрний байр сууриа эргүүлэн олж авах нь хэтийн зорилт мөн гэж Путин цохон тэмдэглэжээ. 2010 гэхэд Путин ДНБ хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэжээ. 2003 оны 12 сард ОХУ-д болсон Төрийн ДУМ-ын сонгуульд Путиний талын “Нэгдсэн Орос” нам ялалт байгуулжээ. Ингэснээр ерөнхийлөгч Төрийн ДУМ-д хяналтаа тогтоож чадсан байна. 2004 оны 2 сарын 24-нд Владимир Путин Михаил Касьяновын тэргүүлсэн засгийн газрыг огцоруулжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 14 хоногийн өмнө засгийн газраа огцоруулсан нь Оростоо төдийгүй дэлхий дахиныг алмайралыг төрүүлжээ. ОХУ ын шинэ ерөнхий сайдаар Михаил Фрадков томилогджээ.

Путин засгийн газартаа өөрчлөлт хийсэн нь Борис Ельциний багт ажиллаж байсан хүмүүстэй салах ёс хийсэн хэрэг байжээ. Касьянов бол Путинийг Ельциний үеийн хүмүүстэй холбож өгч байсан гол хүн байжээ. Касьянов албан тушаалаа гэнэт огцорсоноор “барууны” орнуудын дүрмийг нь зохиосон, Ельциний хүлээн зөвшөөрсөн нийгмийн шинэчлэл явагдахгүй гэсний дохиог болжээ. Путиний явуулах болсон бодлого,чиглэлийн өөр нэг чухал хэсэг нь засгийн эрх мэдлийг төвлөрүүлэх явдал байлаа. Путин төрийн тэргүүн болоод ардчилсан хэв шинжийг хадгалсан, гэхдээ төрийн нөлөөг бэхжүүлсэн засаглалын загвар бий болгож ажилласан байна .

2004 оны 3 сарын 14-нд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Тэр 5 сарын 7-нд тангараг өргөж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Путин тангараг өргөх ёслол дээр “Өнгөрсөн 4 жилд улс орны нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилт тавьсан. Энэ зорилт биелсэн гэж хэлээд, харин хоёр дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний нийгмийг бэхжүүлнэ гэсэн зорилт тавьж байна” гэжээ . 2004 онд ОХУ ын эдийн засгийн өсөлт буурч, хөрөнгө оруулалт багассан байна. ОХУ барууны орнуудын харилцаа огцом мууджээ. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн байсан Украин, Гүржид улс төрийн байдал хурцдаж, ОХУ-аас нүүр буруулах болов. 2004 оны 8 сард газрын тосны , “ЮКОС”, “Юганскнефтегаз” компаний активыг “Байкалфинансгруп” гэдэг фирмээр дамжуулан “ГАЗПРОМ” компанид худалдсан байна. Ингэснээр Оросын эрх баригчид газрын тосны бизнесийг хяналтандаа авч чаджээ.

2004 оны 9 сарын 13-нд Путин засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ Төрийн байгуулалын өөрчлөлт хийх болсоноо зарласан байна. ОХУ ын засаг захиргааны нэгжийн дарга-амбан захирагчийг сонгох бус, харин Кремлээс томилдог болжээ. Ерөнхийлөгчийн томилсон амбан захирагчийн орон нутгийн хууль иргэдийн хурал баталдаг болжээ. Путинийг шүүмжлэгчид энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал гэж тайлбарлаж байлаа. Путиний шинэ бодлого Орост төдийгүй гадаадын орнуудад ч эсэргүүцэлтэй тулгарчээ.

Дэлхийн 100 гаруй улс төрч, эрдэмтэд Европын Холбоо, Умард Атлантын Цэргийн Эвсэлд хандан ОХУ-ын ерөнхийлөгч ардчилалаас ухарч, дарангуйлал тогтоохыг санаархаж байна гэж захидал илгээж, Путиний дэглэм бол Оросын ардчилалд аюултай гээд латин-америкийн орнуудад бүрэлдсэнтэй төстэй нийгэм эдийн засгийн загварт шилжиж байна гэж дүгнэсэн ч Путин өөрийн чиг баримжаанаас ухарсангүй.

2005 оны 5 сарын 9-нд Ялалтын баярын 60 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч энэ баярт АНУ, Итали, ХБНГУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнийг урьжээ. Литва, Эстоний төрийн тэргүүн, Оросын эсрэг идэвхитэй сөрөг байр суурьтай Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили нар урилга авсан ч ирээгүй байна. 2004 оны 5 сарын 26-нд Путин “хямралыг гэтлэх”, “зэвсэгт хүчнийг шинэчлэх”, “орон сууцны шинэчлэл” гэсэн 3 үндэсний хөтөлбөр эхлүүлж байгаагаа Холбооны Зөвлөлийн танхимд явуулсан илгээлтэндээ бичсэн байна.

2006 оны 5 сард Путин 7 дахь илгээлтэндээ хүн амын төрөлт, гэр бүл, зэвсэгт хүчний хүчний шинэчлэлд анхаарах цаг болсон гэж бичжээ. 2007 оны 4 сарын 23-нд ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин нас баржээ. Путин түүнийг орос орны төлөө ажилласан шудрага, зоригтой хүн байсан гэж дүгнэжээ. 2007 оны Төрийн ДУМ-ын сонгуульд Путин “Нэгдсэн Орос” намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлэхээ зөвшөөрсөн байна. Хэрвээ “Нэгдсэн Орос” нам Төрийн ДУМ-ын сонгуульд ялалт байгуулах юм бол Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ерөнхий сайдаар ажиллах бололцоотой гэдгээ зарласан байна.

2007 оны 12 сарын 2-нд ОХУ-д парламентын сонгууль бол “Нэгдсэн Орос” нам 64,30 хувь буюу төрийн ДУМ-д 315 суудал авсан байна. ОХУ-ын Коммунист нам 11,57 хувь-57 суудал, Либерал Ардчилсан нам 8,14 хувь – 40 суудал, “Шудрага Орос ” нам – 7,74 хувь – 38 суудал авчээ. Сонгуулийн албан ёсны дүнг зарласанаас хойш 2 өдрийн дараа ОХУ ын ерөнхийлөгч Путин өөрийн залгамжлагчаа зарласан байна. Өөрөөр хэлбэл 12 сарын 10-нд Дмитрий Медведевийг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшүүлжээ.” Дмитрий Медведев би сонгуульд ялж ерөнхийлөгчөөр сонгогдвол Путинд ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаач гэсэн хүсэлт тавьна гэж Дмитрий Медведев сонгуулийн сурталчилгааны үед мэдэгдэж байлаа. 12 сарын 17-нд Путин Медведевийн саналыг хүлээн авч байгаагаа зарлажээ. 2008 оны 3 сарын 2-нд ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж Дмитрий Медведев 70,28 хувийн саналаар сонгогдсон юм.

2008 оны эхээр Путин Оросын засгийн газрын “цагаан байшинд” ирж, ерөнхий сайдын ажлаа хүлээн авсан байна. Үнэндээ бол 2008-2012 оны хугацаанд ОХУ-н жинхэнэ удирдагч бол Путин байж тэр хөшигний араас Оросыг удирдсаар байсан гэж шинжээчид үздэг . Владимир Путин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж 63.6 хувийн саналаар ялалт байгуулсан түүхтэй. Ерөнхийлөгч болмогцоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож нэмэгдүүлжээ. Харин 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулж сонгогчдын 76.5 хувийн саналыг авч 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Орос орныг удирдах болжээ . В. Путин ЗХУ-ын удирдагч Йосиф Сталинаас хойш оросуудыг хамгийн удаан удирдсан хүн болсон , хамгийн гол нь Путин ард түмэндээ маш их нэр хүндийг олж , гадаад дотоод бодлогодоо амжилт олж , эдийн засгийн өсөлтийг хангаж, ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлж , олон нийт нийгмийн аюулгүй байдлыг хангаж , Орос улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөж , хүн арддаа орос хүн байх , эх орноороо бахархах үзэл санааг сэргээж чадсан бас дэлхийн улс орон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэж үнэлэгдэх болсон байна .

Путины тухай бичнэ гэдэг бол барагдашгүй их юм , энд Путины барууныхан түүний дотор АНУ-тай харилцсан харилцаа тэдний улс төр эдийн засгийн шахалтыг хэрхэн сөрсөн , сөрж байгаа тухай , Украйн , Гүрж , Сири дэхь гадаад бодлого , ахмад дайчдын, эхчүүдийн халамжын бодлого, олагархи тэрбумтангуудын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон тухай , Нефть байгалийн хий эрчим хүчний салбараа баруунаас яаж хамгаалсан тухай гээд их юм бичиж чадаагүй, харин зөвхөн өнгөрсөн түүхээс нь товчлол хэлбэрээр бүлгэмд орууллаа .

Хамгийн гол нь В. Путиныг яагаад оросын ард түмэн ингэтлээ их дэмжиж тойрон хүрээлээд байна вэ , хэдийгээр түүнд барууны улсын удирдагч нар таатай бус байдаг ч барууны хөгжилтэй улсуудын ард иргэд , олон нийт бас яагаад Путинг шилдэг удирдагч гэж үзээд байгаа юм бэ гэсэн асуултууд байгаа юм. Бүлгэмийн нөхөд нэмж санаа оноогоо бичнэ биз дээ. Ямарч байсан 90-ээд оны дампуурч бужигнасан , оросын олигархи болон мафиуд , барууны эдийн засгийн гарт орсон байсан Орос орныг Путин босгож чадсан нь маргаангүй үнэн билээ .

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap