Тусгаарлалтанд байгаа телевизийн захирал охин

Тусгаарлах байрны хуваарийг хэн, хэрхэн гаргасныг хэн мэдлээ. 4-үүлээ нэг өрөөнд оров. Шөнийн 2 цаг өнгөрч байхад орох оронтой болсон бид бушуухан л ойр зуурын эд зүйлээ ариутгагч уусмалаар арчиж аваад ор луу шургалсан. Их ядарснаас болоод тэр үү, тэр шөнө миний нойр хүрээгүй. Үнэндээ би огт танихгүй хүмүүстэй олон хоногийг хэрхэн яаж өнгөрөөх бол гэж анхаасаа шаналсаар байсан. Эмнэлэгт бол асуудал өөр л дөө. Өвчнөө эмчлэх нийтлэг эрх ашиг байдаг. Эмч сувилагч нартай харилцана, эм тариагаа хийлгэнэ гэх мэт зовлон жаргал хуваалцах орчинтой. Үнэндээ карантины эхний хэд хоног харвасан сум мэт хурдан өнгөрсөн.

Одоо бодоод байхад тэр нь өрөөний уур амьсгал тогтворыг олж, орчиндоо дасах хугацаатай холбоотой байсан бололтой. Бараг 7 хоног өнгөрч байж энэ хүмүүс хэн юм бол гэж бодож, тэдэн рүү харж эхэлсэн. Манай өрөөнд арван настануудын төлөөлөл болох дэрсхэн охин бий. Хан-Уул дүүргийн сургуулийн сурагч. Өвлийн амралтаараа Токиод амьдардаг эгчийндээ очиж, бага насны хүүхдийг нь харах зорилготой Япон руу явсан хэрэг. Буцах үеэр нь короно гай дэгдэж, гэртээ биш танихгүй томчуултай тусгаарлагдсан нь энэ. Охин эхний өдрүүдэд ер дуугарахгүй, орондоо хэвтээстэй. Гартаа байгаа ухаалаг утсаа маажаастай. Өрөө цэвэрлэх компанит ажилд оролцчихоод буцаад л орондоо.

Энэ өрөөнд орчин үеийн ухаалаг утасны цэнэглэгч таардаг ганцхан разетк байдаг. Аз болж тэр нь охины орны хажууд. Бусад нь хуучин цагийн бөөрөнхий залгуурууд. Охин тасралтгүй утсаараа оролддог болхоор ихэнх цагийг утастайгаа хамт разеткэнд залгаастай өнгөрөөнө. Карантинд ороод 7 хоног гаруй болж байтал охины цэнэглэгч нь ажиллахгүй болчихлоо. Өрөөндөө бидэн хоёр л ижил маркийн утастай. Миний цэнэглэгчийг гуйж байна. Аливаа эд зүйлийг гар дамжуулан хэрэглэх нь халтай гэж бид хатуу ойлгодог. Өгөлцөж авалцахдаа ариутгалын уусмалаар цэвэрлэж байгаа юм чинь, уул шугамандаа гайгүй л дээ.

Би л хатуурхаж 2 цагаас илүү өгөхгүй гэв. Охин 2 цаг утсаа цэнэглэж аваад, нэг хэсэгтээ үзэж харах юмтай болно. Би тэр муу цэнэглэгчийг харамлаж юугаа хийхэв дээ. Аминдаа л охиныг утаснаас бага ч болтугай холдоосой гэсэн далд арга минь байлаа. Гэвч төдөлгүй тусгаарлах байрнаас цэнэглэгч оруулахыг зөвшөөрч охин өөрийн гэсэн юмтай болж, утастай найзлах нөхөрлөлөө улам зузаатгасан. Цэнэглэгч түр өгөх ажиллагаанаас болсон уу, охин өрөөний бусад эгээ нараас надтай арай ойр харилцана.

Охиныг өрөөний хамтын ажиллагаанд татан оруулах гэж түүнийг “телевизийн захирлаар томилсон”. Энэ томилгоо нь түүний орны байрлалтай холбоотой. Охины унтдаг орны толгойны хажууд телевиз байрладаг. Зурагтын удирдлагыг охинд эзэмшүүлж, суваг солих үүрэг оногдуулав. “Хүүе охин минь, үзэгчдэд олигтой нэвтрүүлэг үзүүлж чадахгүй бол чамайг телевизийн захирлаас чинь огцруулна шүү” гэж хошигноход “тв хичээлүүд л гараад байна ш дээ” гэж хөөрхөн инээмсэглэнэ. Эцэг эхийн халамжнаас гараагүй балчир охин таньж мэдэхгүй хүмүүс дотор сүрхий бие дааж, сэтгэлийн хаттай, өөрийгөө чанга байлгаж чадаж байгаа нь хүндлэж үнэлэх шалтгаан болж байна.

Сүүлийн өдрүүдэд утасныхаа дуунд бүжиглэж, дуулж, зураг зурж, бас хөнгөн дасгал хийдэг болсон. “Хөдлөхгүй бол саахартай болдог” гэнээ гэж авсан. “Саахар гэж юу юм бол” гэж сөргүүлж асуутал “мэдэхгүй ээ”гэнэ. Ёстой хүүхдээрээ гэж үүнийг л хэлдэг байх. 20-иод хоног хамт байхдаа нэмж 7 хоног сунгасан мэдээг сонсоод уруулаа унжуулж, хацраа пөмбийлгэснийг нь эс тооцвол ганц удаа ч ган хийж, таагүй царай гаргаж, усан нүдэлж, үг хэл гаргасангүй. Анзаараад байхад хоолоо ч сонгож идээд буй бололтой. Калори өндөртэй хоолноос татгалзах, зарим хоолыг алгасч буй харагддаг. Багадаа зуслан явж хэд хонохдоо гэрээ саналаа, эргэлт авья гэж мөн ч их маягладаг байсан даг. Хүн болох багаасаа гэж. Гэгээн хөөрхөн охины хатуужил, сэтгэлийн хүч, өөдрөг байдал дэргэд нь буй манийгаа хүртэл цэнэглэж, өөд нь татчихдаг бололтой.

Эх сурвалж: Хуланда Чоной

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap