Шуурхай: Монгол Улсад шинээр 13 тохиолдол илэрч, нийт тохиолдол 30 боллоо!

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр тусгаарлалтаас гарч буй иргэдийг 14 хоног тусгаарлалтын дэглэмийг сайтар сахиж мөрдөхийг зөвлөлөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Азийн оронд 24:00 цагт өвчлөл эрс нэмэгдэж, Сингапур улсад өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь, гадаадаас ирсэн иргэдээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч хүмүүс тусгаарлалтын дэглэм сахиагүй, бусдад халдвар тархаажээ. Иймд тус улсад хүмүүс оршин суугаа газраас гарахгүй байх, зай барих, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон юм байна. Мөн Япон улсад өвчлөл нэмэгдэж, хоёр мужид онц байдал зарласан байна. Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлаж буй нь зөв зүйтэй арга гэдгийг харуулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй. Коронавирусийн халдварын нэг шинж тэмдэг нь уушгины хатгалгаа өвчин. Одоогоор бид 456 ширхэг уушгины аппарат авч нөөцөлсөн. Одоогоор амьсгал дэмжих аппарат хүн амын дунд хангалттай. Мэдээж халдвар кластраар тархвал дутагдалтай байж болзошгүй гэж үзэж байна. Монголд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлууд тухайн үедээ ямар нэгэн шинж тэмдэг зовиур илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлаж лабораторийн шинжилгээгээр баталсан. Бид гаднаас хүн зөөвөрлөж авчрахдаа сөрөг хариу гарсан хүмүүсээ татан авч, авчирсныхаа дараа тусгаарлаж байна. ОХУ-аас ирж буй хүмүүс маш олон хотоор дамжсан оюутнууд тул дээрх шаардлагыг биелүүлж чадаагүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш 1 өвчтөн эдгэрч, нийтдээ таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Өмнө нь эдгэж гарсан иргэд мөн тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байна. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авна. Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийсэн бөгөөд 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ Монгол Улсад коронавирусийн тохиолдол 30 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Москва-Улаан Үд рүү хилээр нэвтэрсэн зорчигчдоос Москвагийн 30 оюутныг ойрын хавьтал гэж үзээд шинжлэхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Биеийн байдал хэвийн байна. Насны хувьд 19-23. Ирсэн тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуулиас өвчлөл бүртгэгдсэн. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь чухал байна. Үндсэндээ батлагдсан 30 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж байна. Коронавирус илэрсэн хүмүүс шинж тэмдэг нь бүрхэг байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap