Одоо бид бүхний жинхнээсээ анхаарвал зохих асуудал бол корона вирус, түүнээс үүдэн гарч буй даяар хямралд бэлтгэх явдал юм.

Эхлээд би Херогийн Баатарыг “галзуурчихаж” гэж бодов. Дараа нь Г.Занданшатар дарга “буруу захиалга” өгчихөж гэж бодов. Арай ултай бодсон чинь аль ч нь биш, “Бүрэн зураглал” нэвтрүүлэг Монголын “бүх асуудлуудыг” нэгэн зэрэг гаргаж тавьсанд хамаг учир нь байжээ. Ингээд Монголд тулгарсан бүх асуудлуудыг “бүрэн зураглалаар” нь үзүүлсэн нэвтрүүлгийн багт талархал дэвшүүлээд Монголын “бүх асуудлуудад” “бүрэн анализ” хийгээд үзье…

Давхар давхар хямралууд далай шиг будан татуулна…
Дэлхийд болон Монголд хямрал нүүрлэн иржээ. Бид л “коронагийн хямрал” гэж нэрлээд байгаа болохоос цаана нь маш олон хямрал байгаа юм. Тоолох уу ?! Нэг. Коронагийн хямрал, Хоёр. Нефть шатахууны хямралт дайн, Гурав. Эдийн засгийн даяар хямрал, Дөрөв. Банк санхүүгийн даяар хямрал. Тав. Дэлхийн дэг журмын хямрал. Зургаа. Манай “ҮХ-ийн хямрал”. Ингээд л гүйцээ юу ?! Төр засаг ч, ард түмэн ч нэг лайтай хямралыг мартаад байна. Энэ бол бидний олон жил үглэж дуулсан, дасал болсон хэдий ч “мартчихаад” байгаа СИСТЕМИЙН ХЯМРАЛ юм. Ингээд 7 хямрал болж байгаа юм. Монголчууд “дордохын долоо” гэдэг биз дээ…

Уг нь хамгийн эхний бөгөөд суурь хямрал нь системийн хямрал юм. Үүнийг Монголын улс төрийн бүх нам, улс төрчид бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ системийн хямралыг засах, даван туулах талаар бараг юу ч хийгээгүй. Яахав, “сайнаар бодоход” ҮХНӨ-ийг хямралыг даван туулах оролдлого гэж үзэж болох л юм…

Ингээд системийн суурь хямралтайгаа “мартаад” сууж байтал дээрх бүх хямралууд зэрэг гараад ирдэг байна ш дээ. Чухам үүнийг л би давхар хямрал гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ дээр дурдсан бүх хямрал бүгдээрээ дэлхий дахины буюу “гаднын” хямрал, харин системийн болон ҮХ-ийн хямрал нь “манай” хямрал юм шүү.

Корона тусвал суурь өвчтэй хүмүүс хүмүүс хамгийн түрүүнд чад хийдгийг хялбархан ажиглаж болно. Тэгвэл суурь системийн хямралтай улс орон давхар давхар хямралд нэрвэгдвэл яах нь хэнд ч тодорхой…

Харин энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Олон хямрал зэрэг тулгарвал тэдгээрийг эрэмбэлж байгаад “хасаж” болох уу ? Мэдээж болно…
ҮХ-ийн гацаа

Би ҮХНӨ-ийг анхнаас нь эсэргүүцэж байсан цөөн хүний нэг. ҮХ-ийн асуудал нээлттэй гэж байнга хэлдэг. Одоо ч энэ үг дүгнэлтээсээ буцахгүй. Ер нь ҮХ-иар маргаад байвал хэдэн арван жил маргаж ч болно.

Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчлэх албан ёсны, хууль ёсны цорын ганц суурь баримт бичиг нь энэхүү шинэ ҮХ мөн гэдгийг зөвшөөрөхгүй байж болохгүй. Бидэнд дагаж мөрдөх, баримжаа авах өөр суурь баримт бичиг үзээд өгье гэсэн ч байхгүй…

Түүнээс гадна шинэ ҮХ-д илтэд буруу зөрүү, зарим хүний хэлдгээр “хорлон сүйтгэсэн” зүйл огт байхгүй, байсан ч бид одоохондоо мэдэхгүй. Учир нь ҮХ-ийн гэм согог арваад жилийн дараа л илэрдэг.
Тэгвэл яахаараа шинэ ҮХ үйлчилж ч эхлээгүй байж, ЗГ-ыг огцруулах эсэхдээ тулдаг байна гэсэн асуулт гарна. Тэр нь ийм учиртай юм. Би ЗГ-тай холбогдсон ганцхан жишээ авъя:
Шинэ ҮХ-ийн гучин есдүгээр зүйлд дараах өөрчлөлт оруулсан: “1…Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.”
Энэ нь “давхар дээл тайлна, тайлахгүй” гэсэн олон жилийн маргаан, хэрүүлийг шийдсэн хэрэг байлаа. Энд ямар ч буруу зөрүү агуулга байхгүй. Энэ бол “цэвэр” ҮХ-ийн заалт юм. Энэ заалтыг оруулаад бүх хүний “санаа амарч”, анхаарал суларчээ.

Гэтэл үүний яг дор: “Энэ зүйлийг…2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө” гээд оруулчихсан нь өнөөдөр будлиан хутгаж байна. Ядаж байхад 12 цаг нь ч юучив дээ…Энэ тодотгол бол яг ҮХ-ийн заалт биш л дээ. Зүгээр л түүнийг даган мөрдөж эхлэх хугацааг л зааж байгаа юм.
Тэгэхлээр У.Хүрэлсүхийн ЗГ энд заасан хугацаанд “дээлээ тайлах” ёстой ба түүний ЗГ-ийн “давхар дээлтэй” 14 сайдаас 10 нь огцорч, 4 нь үлдэх ёстой болж таарч байна. Ингэхлээр чинь ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог юм байгаа биз дээ. Дээрээс нь энэхүү он, сар өдөр, цагийг тов тодорхой заасан заалтаа ҮХ-тай адил үйлчилнэ гээд заачихсанд хамаг лай оршино.

Энэхүү 5 дугаар сарын 25 гэдэг нь ямар гээчийн “идтэй шидтэй” өдөр вэ ?! Энэ бол “балжиннямтай”, дээрээс нь “рашааны барилдлагатай” билэгт сайн өдөр аж. Хуульч Ч.Өнөрбаяр: “Та нар зурхай харан тоо тавьж тэнэглэхээ боль” гэж загнаад байгаа нь үнэн л дээ. Энэ бол лам хар нь үл мэдэгдэх Д.Лүндээжанцангийн “хийсэн ажил” болох нь нэн тодорхой. “Тэнэг дээрээ зөнөг залгана” гэж энийг л хэлдэг байх…

Ингээд ҮХ-ийн хямрал гэх нь хаашаа юм, ямар ч гэсэн засаглалын гацаа яах аргагүй үүсээд байна.

Ганц энэ заалт дээр “зурхайн тоо” тавьсан бол яая гэхэв, гэтэл энд тэндгүй “2020.05.25” гээд тавьчихсан нь үнэхээр лайтай. Тэр ч байтугай 2028 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөнө гэж “ирээдүйг зөгнөсөн” заалт ч ҮХ-д хийчихсэн байгаа. Коронаг ч мэдээгүй хэвтэж 2028 оныг “харах” ч яамай л байна…

Цаашдаа ҮХ-ийн ийм төрлийн гацаа ахиад ч цөөнгүй гарна гэдгийг харуулж байна. Энэ нь олон давтагдвал ҮХ-ийн хямрал болох нь гарцаагүй. Чухам энд л үлэмж аюул байгаа юм.

Би энэ УИХ, ЗГ юугаа хийдэг улсууд вэ ? гээд гайхаад байлаа л даа. Тэгсэн чинь “тэнэг тэнэг” хууль зохиочихоод түүнийгээ “тайлбарлах” гэж “тэнэг тэнэг юм” яриад суудаг лаларууд байна лээ. Мэдэж ядаад байх юмгүй, хэдэн хуульчид, зөвлөхүүд нь хэд хэдэн бүлэг болж хуваагдчихаад “тайлбараараа” хэрэлдэж “онолдоод” сууж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Нэг тайлбар арай ядаж “ойлгодог” манай дарга нар эсрэг тэсрэг 3-4 “тайлбар”-аас “сонголт хийж чадна” гэж би л лав заяа нь итгэхгүй…
Энэ чигээрээ удаан байвал манай “аваргууд” коронагийн өөдөөс ҮХ-иа барьчихаад “тайлбарлаад” сууж байхаасаа сийхгүй хүмүүс гэдгийг би мэднэ л дээ…

Үхтэл нь балбамаар санагдавч…

Энэ нөхцөлд би ингэж хэлэх эрхтэй: “Харав уу, тэнэг шаарууд. Би хэлээд л байсан биз дээ. Одоо ҮХ-нд “гар хүрэх” ямар ч боломжгүй. ЗГ-аа бушуухан огцруул, тэнэг УИХ тар…” Ёстой бахаа ханатал “шааж”, “үхтэл нь балбах” боломж надад хангалттай байна. Энэ утгаар би хуульч Ч.Өнөрбаяртай санал бүрэн нийлнэ, түүний бүх үндэслэлийг дэмжинэ. ГЭВЧ…

Ингэж байгаад засаглалын хямрал эхэлж, тэр нь ҮХ-ийн хямрал болон өргөжиж, үүний дээрээс давхар хямралууд нэрвэх юм бол юу болох вэ ?! СӨНӨХ ГЭСЭН ГАНЦХАН ЗАМ БИЙ…

Иймээс “давшилтад” бэлтгэж, зөвхөн дохио хүлээж байгаа “манай талынханд” хандаж хэлэх үг байна:

“Давших ч яахав, сунжирсан байлдаан болно. Гэхдээ коронагийн “хорт утаа” фронтын шугамыг бүрхээд байгаа нөхцөлд “давшсан” бид ч, “хориглосон” тэд ч хамтдаа сүйрнэ. Иймээс давшилтаа түр хойшлуулъя. Сонгуулиар л нэг мөсөн “давшъя” гэж уриалж байна.

Усан онгоцонд бослого гаргаж болно, гэхдээ хөлгөө далайд живтэл нь “бослогодож” болохгүй. Гэртээ зодолдож болно, гэхдээ гэрээ нуртал нь нанчилдаж болохгүй. Энэ зарчим санаанд орж ирээд болдоггүй ээ. Үүнийгээ би туйлын зөв гэж бодож байна…
Төр засгийн хуульчид “үндэстэй тайлбар” олж, залилах гээд тархиа гашилгаж байгааг би сайн мэднэ. Тэр нь: “МУ-ын ҮХ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль” гэсэн “нэг юм” байгаа. Та нар энэ “тэнэг юм”-аа зуу, мянга дахин уншсан ч ҮХ дотор оруулсан “зурхайн тоогоо” арилгаж чадахгүй. 5 дугаар сарын 25-ны 12 цаг гэсэн “зурхайн тоо” хаанаас гарч ирээд, “яаж яваад” ҮХ дотор орчихсныг “тайлбарлах” ямар ч боломжгүй. Яахав, Д.Лүндээжанцан “тайлбарлаж” болох л байх. Гэхдээ зурхай огт мэдэхгүй минийхээр бол 5 дугаар сарын 25 чинь яах ч аргагүй “модон хохимой”, “тэрсүүд”, “үхлийн барилдлагатай” өдөр болж таараад байгаа юм…Тэгээд одоо яахийм ?!

Дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой…

Энэ ч нэг их “шилдэг сайхан” үг биш л дээ. Гэхдээ л “тэнэг монгол” баагийг олон тохиолдолд аварч байсан “мундаг үг” шүү…

Тэгээд ч алдаа дутагдлаас ангижрах хамгийн эхний алхам бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх явдал юм.

Амьдралын энгийн жишээгээр ч гэсэн хулгай хийгээд баригдсан, худал хэлээд илчлэгдсэн, завхайрч байгаад улайм цайм “гардуулсан” монгол баагийд хоёрхон арга байдаг. Нэг нь “нүглээ наминчлах”, нөгөө нь “гүрийх”. Монгол баагий ихэвчлэн “гүрийж” эхэлдэг ч “нүглээ наминчилж” дуусдаг. Хүний хань (ард түмэн) юм чинь уучилдаг л байхгүй юу. Манай төр засаг 3 сар “гүрийж” байна. Уг нь “овоо гүргэр гар” ш дээ. Одоо болоо…
Юуны өмнө алдаа хийснээ хүлээн зөвшөөр. Яахав, корона руу чихэхгүй юу !!! Бид ямар корона болохыг мэдсэн биш !!! Мэдэж байсан хүн Монголд ганц ч байхгүй. Хэн ч гэсэн үнэмшинэ ш дээ. Тэгээд бид эхэлж “давхар дээлээ” тайлчихаад “нүв нүцгэнээрээ” сонгуульд оръё гэж бодож байсан чинь баларлаа гэж хэлэхгүй юу !!! Худлаа биш ш дээ…
Чухам яагаад ингэснээ Та нар хэзээ ч хэлэхгүй “гүрийнэ”, гэхдээ би мэднэ л дээ. Яахав, Та нарыг “өрөвдөөд” би нэг удаа дуугай байя. Болж байна уу ?!

Үүнийг албан ёсны хэллэгт оруулбал ҮХ-нд оруулсан “зурхайн тоо”-гоо бүгдийг нь өөрчил, зүгээр л больж орхи. Би хуульч биш л дээ, гэхдээ миний бодлоор: “УИХ-ын сонгууль явуулж, түүний дүнг СЕХ зарласан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гээд биччихэд л болох юм. Тэгэхдээ ахиад зурхай харж балрав даа !!! Энэ чинь ҮХ-нд халдсан “аймаар том” гэмт хэрэг болохгүй л дээ. Зүгээр л ҮХ-ийн заалтыг дагаж мөрдөх хугацааг “давагдашгүй” нөхцөл байдлын улмаас өөрчилж байна !!! Өөр яачихсан юм ?!
Арай өөр өнцгөөс аваад үзье: Коронагийн тахал дэлгэрвэл УИХ-ын сонгуулийг гарцаагүй хойшлуулж таарна. Ингэвэл ҮХ дотор тавьсан “зурхайн тоо”-нууд чинь бүгдээрээ хүчингүй болно. ҮХ ч “хүчингүй” болно. Нээрээ шүү !!! Ингэвэл корона манай ҮХ-нд “халдчихлаа”, “хүчингүй болгочихлоо” гэж орилох хүн ганц ч гарахгүй. ҮХ доторх алдааг Та нар засдаггүй юмаа гэхэд корона засах нь хэн бүхэнд ойлгомжтой байна…

Яахав, “тэнэг мангар”-аараа дуудуулна л биз. Тэр яахав дээ, дуудуулж үзээгүй юм биш, тэгээд ч “тэнэг мангар” чинь нэг их худлаа биш л дээ. Дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой…

ҮХ-ийн гацаа засаглалын хямрал болж, тэр нь ҮХ-ийн хямрал болон өргөжиж, тэр нь давхар хямралуудтай давхцвал гарцаагүй сөнөх учраас би үүнийг сануулж, санал болгож байгаа юм. Одоо бид бүхний жинхнээсээ анхаарвал зохих асуудал бол корона вирус, түүнээс үүдэн гарч буй даяар хямралд бэлтгэх явдал юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес байсан хүний хувьд хямралын аюулыг хамгийн түрүүнд түрүүнд мэдэрсэн юм. Иймээс тэр “хямралд бэлтгэе” гэж ард түмэндээ уриалсан дэлхийн (!!!) анхны төрийн тэргүүн мөн. Энэ нь туйлын зөв бөгөөд цорын ганц бодит санал юм. Гэтэл юу вэ ? өөдөөс нь “ганц хүний засаглал тогтоох гэлээ” гэж дайрч байна ш дээ…

Ний нуугүй, шууд хэлэхэд хямралын үеэр эрх мэдлийг төвлөрүүлдэг нь зүй тогтол л доо. Хөрөнгө мөнгө, хүн хүчээ зөв хуваарилахаас гадна хурдан шуурхай шийдвэр гаргаж болдог учраас энэ аргыг түр хэрэглэдэг. “Ардчиллаа хөгжүүлж”, хямралаас гарч байсан улс гүрэн ганц ч байхгүй…

Г.Занданшатар дарга: “Одоо улс төржих цаг биш” гэж хэлж байна лээ. Би үүнийг маш зөв гэж бодож байна.
Одоо хямралд бэлтгэх бүхий л ажилд саад болж, бул хар чулуу шиг хөндлөн хэвтчихээд “төсвийн тодотгол хийхгүй”, “сонгууль хойшлуулахгүй” гэж “гүрийгээд” байгаа Ч.Хүрэлбаатарыгаа “борцлоод хаячих”. “Үй түмэн” конторын барилга барьж хямралаас гарна гэж юу байсийм ?!
Ойрын 1-2 жилд хямралаас шалтгаалан манай эдийн засгийг “өсгөх” ямар ч боломжгүй, харин чадвал хүрсэн түвшингөө хадгалах, ядвал аль болох бага унагах зорилт тавих нь зүйд нийцнэ. Үүний тулд сонгууль хойшлуулж, төсвийн тодотгол хийхээс эхлэх ёстой. Энийгээ л хийгээч дээ…

“Тулсан зовлонг туулж бардаг, үлдсэн зовлонг үүрч бардаг” хорвоо шүү дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.2020 оны 04 дүгээр сарын 11.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap