Ц.Цэрэнпунцаг гарьд: БИ ТҮРГЭН БАРИЛДАХ ДУРТАЙ

Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн. Гэвч элдэв бизнес эрхэлсээр үндэсний бөхөөс лав зайгаа нэлээн барьчихаж.

1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Борхайрханы өвөрт төржээ. Ээжийнхээ талаас бөхийн удамтай. Төрсөн ах Ц. Бэгзсүрэн нь улсын харцага цолтой бөх юм. Жүдо бөхийн Шигшээ багийн тамирчин байсан. Энэ төрлөөр Улсын болон ОУ-ын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. ОУХМ цолтой хүчтэн юм.
Ц. Цэрэнпунцаг гарьд баруун талтай ба хавсрах, давхар ачих, тонгорох, хутгах зэрэг үндсэн мэхтэй. Дунд зэргийн нуруутай, булчинлаг яргай биетэй, суурьтай нягт барилдаантай, дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай бөх юм.

1467614228577a0414bf805

АМЖИЛТ: Үндэсний бөх

Төрийн наадам:
• 1989 онд Завхан аймагт болсон тойргийн барилдаанаас Аймгийн заан цол хүтэв.

• 1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн
• 1994 онд 8 давж гуравт үлдэн Өсөх идэр Улсын заан цолыг хүртэв.
• 1996 онд 6 давж Саруул сайжрах чимэг
• 1997 онд 7 давж Бат нягт чимэг
• 1998 онд 7 давж Хуурнин шуугигч чимэг

• 1999 онд 6 давж Хурдан шаламгай чимэг хүртсэн
• 2000 онд 6 давж Үнэн зоригт чимэг
• 2001 онд 8 давж дөрөвт үлдэн Буушгүй хүчит чимэг
• 2003 онд 6 давж Үнэн итгэлт чимэг

• 2004 оны 6-р сарын 22-нд Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигаар 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа Монгол Улсын Гарьд цолыг хүртжээ
• 2004 онд 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус нэмжээ.

Цагаан сарын барилдаан:
• 1997 онд 7 даван үзүүрлэсэн
• 1996, 2000 онуудад 6 даван их шөвөгт үлдсэн

Мөн 1996, 2000 оны Улсын их сорилгод түрүүлж алтан медаль авч байсан.

Жүдо: 1997 онд Зүүн Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан. Ёкозунаг дарж, америкчуудыг алмайруулагч

Дагвадорж аваргыг Доржоо гэж гэрийнхэн, багын найз нар нь дууддаг байлаа. Доржоо наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг. Мөн Доржоо комүсүби цол хүртчихээд эх орондоо ирээд Пунцагаа гарьдтай /тухайн үед заан/ гар барилдаад дийлээгүй гэдэг. “сумочдод очоод хэлнэ ээ. Би нэг ахыгаа ерөөсөө гар барилдаанаар дийлдэггүй юм. Гэтэл тэр ах минь надаас жижигхэн шүү дээ” гэж Доржоо нэгэнтээ ярьж байсан. Ер нв гар барилдааны хувьд Цэрэнпунцагийн өмнө гишгэх хүү Монголд бүү хэл дэлхийд ч ховор байх гэлцдэг. Тэр Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өөрийг бараг өндрөөрөө нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний 10 долларуудыг халаасалсан гэдэг. Монголд бас иймэрхүү барилдаан болж, телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ахтайгаа аваргын төлөө өрсөлдөж ялж байсныг санаж буй хүн олсон биз ээ.

Тэвчээргүй зан

“Зургаан залуу заан” гэж үнэхээр үлгэр домог шиг сайхан үе байлаа даа. Тэр үед эдний хэн нь түрүүлж аварга, арслан болох тухай ам уралдан ярилцахад Цэрэнпунцагийн нэр цохиж л явна. Тэр заануудынхаа хамгийн бие жижигтэй нь ч магнай нь байсан. Тээр жил 79 жилийн ой билүү дээ. Өнөөх зургаан заан улсын наадмын дунд шөвгийн наймд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёрын хамтаар үлдэж хоцорлоо. Бат-Эрдэнэ аварга байнга “таалаад” сурчихсан Мөнх-Эрдэнээ авч харин Цэрэнпунцаг дараагаар нь Гантогтохыг амласан. За, ам зав буруу байсан тухай зөндөө л ярьдаг. Гэхдээ л энэ давааг Пунцагаа давчихсан бол учир их байлаа. Гэвч Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч…” гэх бодол энэ барилдаан аргагүй төрүүлсэн. Ер нь Пунцагаа гарьд их түргэн барилдах дуртай нэгэн. Түргэн гэхдээ ёстой гал гарам мэх хийж, өрсөлдөгчдөө халиртал нь хаядаг нэгэн. А.Сүхбат аваргыг наадмаар нүүрийг нь улаан халз болтол хавирч билээ.

Хувь заяаны эргүүлэг

Сайхан бөхийн хувь заяанд элдэв асуудал олон тулгарсан. Америкт явж суралцана гээд ид сайхан барилдах жилээ алдсан бол хожим ах нь хэрэгт ороод нэг хэсэгтээ л барилдахтай манатай болсон. Цэдэндамба гуай энгийн нэгэн жолооч байлаа. Хөдөө гадаа явж байхдаа хүнд тэрэгнийхээ дугуйг тэвшин дээрээ гаргаад шидчихдэг л байсан гэдэг. Гэвч биеэр шавилхан. Харин ээж нь нэлээн биерхүү юм билээ. Тэднийх Завханы нэлээн номтой айлын нэгэн гэдэг. Тэрсхэн өссөн Пунцагаа Бэгзээ хоёр үеийнхнээ ч ихээхэн айлгадаг байж. Пунцагаа багадаа хэтэрхий гэмээр тарган хүүхэд байлаа. Тиймээс “Тарган хулгана” хэмээн гэрийнхэн нь нэрлэдэг байж. Тарган хулгана тун их шартай. Ахтайгаа үргэлж ноцолдоно. Дийлэхгүй ч гэсэн зүтгээд л байна. Энэ зан нь түүнийг бөхийн эрдэмд нэвтэрч, олны хайр татсан бөх болоход нөлөөлсөн биз ээ.

Эр хүний ам

Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд наадмын өглөө Ганбат ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Орйд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо. Энэ амнаас нь гарьдыг мөн ч олон хүн дэмжих болсон билээ.

Түүнийг бөхчүүд ярих даа

1.    Бөхийн спортод хар залуугаараа домог болсон хүчит бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд юм.
2.    Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 2 удаа найм, гурван удаа долоо давсан бөх.
3.    Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсад 10 удаа шөвгөрсөн аралтай бөх.

4.    Түүнийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргад хоёр удаа “өгсөн” хэмээн ярьдаг нь үнэний ортой.
5.    Хэрэв эл спортыг бизнесээр солиогүй бол аварга цолонд ойрхон байсан хэмээдэг.
6.    Ц.Цэрэнпунцагийг аатай, аралтай байгалиас заяасан бяртай бөх гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх ярьдаг.
7.    Гарьд цол гарч ирэхээс өмнө улсын арслан цолны болзол хангасан бөх.

8.    Д.Дагвадорж аваргыг наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Ц.Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.
9.    Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд орж америк залуустай хүч үзэн хэд хэдэн залуусыг дарж бяр чадлаа гайхуулсан гэдэг. Үүнээс өмнө Монголд байхад нь гар барилдааны тэмцээн болж телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ах улсын харцага Бэгзсүрэнтэйгээ аваргын төлөө өрсөлдөн ялж байсан түүхтэй.
10.    Тэрбээр америкт явж суралцахаар ид сайхан барилдах үеээ хий алдсан бол хожим ах Бэгзсүрэнгээ хэрэгт орооцолдсоноос нь хойш бүрмөсөн хаясан.

11.    Ц.Цэрэнпунцаг түргэн барилдах дуртай.
12.    Тэрбээр татаж хавирна, давхар шуудагнаас татна, ер нь бяралхана даа.
13.    А.Сүхбат аваргыг заан болсны дараа жилийн наадмаар долоогийн даваанд тунаж барилдахдаа нүүрийг нь улаан халз болтол хавирч унагаасан юм.
14.    1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн, 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, “Үлэмж бадрах” чимэг, 1996 онд 6 давж “Саруул сайжрах”, 1997 онд 7 давж “Бат нягт”, 1998 онд 7 давж “Хуурнин шуугигч”, 1999 онд 6 давж “Хурдан шаламгай” чимэг, 2000 онд 6 давсан, 2001 онд 8 давж дөрөвт үлдэн “Буушгүй хүчит”,  2003 онд 6 давж “Үнэн итгэлт”, 2004 онд 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус хүртсэн.

15.    Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа уг цолыг хүртсэн юм.
16.    Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд хүч үзнэ гэж байсан боловч үнэн ч гэж хэлээгүй, худал гэж няцаалгүй байсаар сонгууль өнгөрүүлж эл асуудал намжсан юм.
17.    Ц.Цэрэнпунцаг гарьдыг шашны мөр хөөж өдгөө гэнэн сахил хүртсэн хэмээдэг.
18.    Тэрбээр бөхийн спортоо хаясны дараа архины “Жем” үйлдвэрийг босгосон төдийгүй үүрэн телефоны G mobile –ийг хөл дээр нь босгосон бизнесмэн.
19.    Түүнийг бөхчүүд дотроо хамгийн боловсролтой нь гэдэг.
20.    Ц.Цэрэнпунцаг гарьдыг дахин зодоглоно гэх мэдээлэл түгж байсан боловч гарьд таг чимээгүй хэвээрээ л байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap