Хакухог: Тэр барилдахдаа нүдээ цавчихгүй юм

Түүнийг эхэндээ тоож байсан хүн цөөхөн дөө. Цайвар хөх мавашитай, өндөр үү гэхээс нимгэхээн цээжтэй. Нялцгайдуу зөөлөн биетэй. Залуус том бөхчүүдтэй өгөө аваатай байх нь байдаг л зүйл. Тэгсгээд бөхдөг нь дэндүү олон. Нялцгайгийн тухайд агуу озэки Точизума “Хакухог түлхээд байхад болж өгдгүй, хамаг хүч сороод байгаам шиг санагддаг” гэж ярьсан удаатай. Тэр өөрөө чулуу шиг баглайчаад голлож дайрахад нь хэн ч тэсдэггүй л байсан.


Мөнхбат аваргыг тийм хүүтэй гэж хүмүүс мэддэггүй байлаа. Гарч ирснийх нь дараа итгэсэн ч амжилтанд нь итгэж байсан нь бас ховор. Тэр зэргийн араамтай залуус тэгсгээ л гулдайдаг даг. Харин агуу Чиотайкай түүнийг “Тэр барилдахдаа нүдээ цавчихгүй юм. Миний бүхий л хөдөлгөөнийг удаашруулсан мэт хараад байна” гэж хэлж билээ. Тэр өөрөө хүний усан нүд гүйцэхгүй цүппарий хийн дарж авдаг байлаа л.
Хакухогийн барилдааныг хэдэн үед хуваамаар санагдаад байгаа юм.:

ЭХНИЙ ҮЕ. 2003 оноос 2005 он. Дээд зиндаанд гарч ирээд шуугиулсан. Монгол бөхийн хавыг Аса харуулцан байсан. Амьд үлдэх гэж байгаа чоно шиг. Гэтэл дараагйин монгол бөх Хакухо харьцангуй өөр зан төлөвтэй тул итгэл төрсөн нь цөөн. Ихэнх хүн “Заа даа худлаа биз дээ” гж байв. Удалгүй өөрөө ч зузаарч, үүлэн цэнхээр мавашигаа хэд гурав сольж, Асатай өгөө аваатай ганц бөх болох юм шиг санагддаг болсон. Энэ бол Аса аварга өрсөлдөгчдөө бариа зөрөө, аз эзийн дэнсэн дээр биш арслан гөрөөс барьж байгаам шиг шиддэг байсан үе шүү дээ. Тэр сүмод мөрөө үлдээхээр зүтгэж байлаа.

ХОЁР ДАХЬ ҮЕ. 2006-2009. Хакухог бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Ганц Аса ч гэлтгүй түүнд мэр сэр өрсөлдөгчид байсан. Хамаг авхаалж самбаагаа гарган ялан дийлж байв. Асатай үнэхээр ч өгөө аваатай битгий хэл илүүрхэх болсон үе. Аавынх нь гялалзан гарч ирсэн ид 22-23 насандаа. Тэр сүмог үнэхээр лут сайн хийж чадаж байгаадаа үнэхээр бах тав болгон барилдаж эхэлсэн.

ГУРАВ ДАХЬ ҮЕ. 2010-2014 он. Аса зодог тайлж, тэрээр үнэмлэхүй аварга болов. Өсөхөө Сүхбатад, Сүхбат Пунцагт, Пунцаг Сумьяд гээд нэг тойрч хаялцдаг эв таардгүй барилдаан шиг Хакуход Харумафүжи хамгийн эвгүй өрсөлдөгч болж үлдэв. Анхаарал хором сарнихад л шидүүлнэ. Өмнө нь олон рекорд харагдаастай. Тайхо аваргын сүнс ч хараастай.

ДӨРӨВ ДЭХ ҮЕ. 2015-2017 он. Байж болох бараг бүх рекордыг хусчихав. Бурхан Тайхо ч ард хоцорлоо. Футабаяма аваргыг амьд бөгөөд ид байсан бол үзмээр санагддаг байсан болов уу. Харумафүжи зодог тайлцан. Өрсөлдөгч байхгүй. Учраа бөхийнхөө нүүрний өмнө алга ташиж тоглох маягтай. Холбооноос зэмлээгүй бол бөхчүүдээр Дамдин аварга шиг л жонглёрдох нь. Залуу үедээ санаа тавьдаг болсон. Өөртэй нь олигтой барилдаагүй Ичиножог олны нүдэн дээр мангасдаж зэмлэв. Бас нэгэн шинэ үзэгдэл гарсан нь даруу төлөв Хакухо дарагдаж ядан байнаа аархалаа хөмхийндөө зууж байгаа харагддаг болсон. Хуучин түүнийг даруу төлөв байхад нь хүмүүс аавынха Аа хаачив гэж байхад Чанарав гуай хэлж байв “Аавынх нь аа байгаа байгаа. Харин энэ хүү сүрхий дарах юм”.
Мөн энэ цаг үед түүнд тайвшрал, залхал ч ирсэн. Тэр агуу лагшинг татаж босгодог агуу сэтгэл нь ч уйдаа юмуу, бэртэл авдаггүйгээрээ алдартай аварга башё өнждөг, дундаас нь гардаг ч болов. Хэн ч дийлкү гэж боддог байсан хад чулуу эмтрээд ч байгаам шиг сонин.

ТАВ ДАХЬ ҮЕ. 2018-2020. Өнөөдрийн Хакухо. Бүх боломжийнхоо 60 хувийг л гаргаж байх шиг санагдана. Монгол бөхийн хувьд ид нас. Нэг барилдаандаа бүх хүчээ гаргаж байгаа ч өмнөх шигээ утсаар наадах муужгай шиг арай л биш. Гэсэн ч ялагдал гэдэг түүний хувьд хуучин сүнсний дуудлага хэвээр байна. Үе мултарсан Асаноямаг түүдэг шиг өнхрүүллээ. Өөрөөсөө арван хэд дүү залуусыг шидсээр л байна. Давахдаа хэд гурав айхтар ч өнхрөх. Сэвхийтэл босч ирэх нь хорьтой залуу шиг л байна. Унах эрдэм давахаас ч хэцүү гэдэгсэн.
Өнөөдөр тэр 44 удаагаа түрүүллээ. Тэр бол сүмогийн, эр хүний, ноён нурууны, тамирчны, философийн ноён оргил. Тавь гэдэг сайхан тэгш тоо түүнийг хүлээж байна.

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap