ЗГ-аас хориглосон НОМНУУДЫГ унших боломжтой виртуал номын санг Minecraft-д бүтээжээ

Бидний ихэнх нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй оронд амьдардаг. Үүнээс өөр орчинд амьдрахыг төсөөлөхөд бэрх. Гэвч зарим оронд иргэдээ ялангуяа баримтуудыг дэлгэх, мэдээлэх мэргэжилтэй хүмүүсийн эрхийг хязгаарлах тохиолдол бий. Тэд бол сэтгүүлчид юм.

Дэлхийн зарим оронд сэтгүүлчдийг хорьж, торгож, цөлж тэр байтугай хөнөөдөг. Тэгвэл эрхээ хязгаарлуулсан сэтгүүлчдийн дуу хоолойг олонд хүргэхийн тулд Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters Without Border – RSF) байгууллага нэгэн онцгой номын санг бүтээжээ.

Энэхүү номын санг Minecraft-д бүтээсэн бөгөөд “Цензургүй номын сан” хэмээн нэрлэсэн байна. Номын сан дэлхийн өнцөг булан бүрт байх Minecraft тоглогчдын нээлттэй серверт байрлах бөгөөд хэн ч хүссэн үедээ орох боломжтой аж.

Аль нэг орны цензур хоригоос болж хэвлэгдээгүй, нийтлэгдээгүй ном зохиолууд тус номын санд дүүрэн байх ба одоо тэдгээрийг бүх үзэж болохоор боллоо. Учир нь Minecraft бол аль нэг орны Засгийн газраас хараат бус тоглоом юм.

Тухайн номуудыг хүн бүр уншиж болох ч агуулгыг өөрчилж болохгүй ба Засгийн газраас хориглосон номоор нэмэгдсээр байх аж.

Номын санг гуравдугаар сарын 12-нд буюу Кибер цензурын эсрэг дэлхийн өдрөөр нээсэн байна. “Сэтгүүлчдийн эрхийг боогдуулсан Египет, Мексик, Орос, Саудын Араб, Вьетнам зэрэг орнуудын сэтгүүлчид одоо үг хэлэх орон зайтай боллоо. Тэдний нийтлэлийг Англи хэлээр Minecraft ном болгон бүтээх болно” гэж номын санг бүтээх төслийн төлөөлөгч хэлсэн байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага Blockworks компанитай хамтран номын санг гурван сарын хугацаанд 12.5 сая блок ашиглан хийж дуусгасан байна. 16 орны 24 кибер барилгачин 250 цагийн турш ажиллаж, номын сангийн зураг төслийг боловсруулсан ба дэлхийд хоёрт орохуйц 300 метр өргөнтэй барилга болжээ.

Яагаад Minecraft-ийг сонгох болсон шалтгааныг төлөөлөгч “10 гаруй жилийн түүхтэй энэ тоглоомын гол давуу тал нь тоглогчид хүссэн зүйлээ бүтээж, эрж хайж, хийх боломжтой юм. Нэг Minecraft ном 100 хуудастай байдаг бөгөөд бүтээсэн хүнээс бусад нь зөвхөн уншиж л болдог давуу талтай” гэв.

Зөвхөн 2019 онд дэлхий даяар 39 мэргэжлийн сэтгүүлч, 10 иргэн-сэтгүүлч амиа алдсанаар нийт 228 мэргэжлийн сэтгүүлч, 120 иргэн-сэтгүүлч амиа алдаад байна.

Эх сурвалж: BoredPanda

Монгол хүү
Share via
Copy link
Powered by Social Snap